Ховд, Увс, Баян-Өлгийн өрсөлдөх чадвар ХАМГИЙН ИХ буурчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр /2023.02.01/ Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 11 дэх жилдээ танилцуулж мэдээлэл хийлээ.

Мэдээллийг тус төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, Ерөнхий захирал Б.Дакшми нараас гадна судлаач Б.Мөнгөнжигүүр өгөв.  

Энэ үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Манай судалгааны төв 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан дүгнэж, боловсруулж олон нийтэд хүргэдэг. Энэ дагуу 2022 оны тайланг олон нийтэд танилцуулж байна. Энэ тайлан бол өнгөрсөн хугацаанд төр засаг, тухайн аймгийн удирдлагаас явуулсан үйл ажиллагаа, үр дүнгийн тусгал юм. Анх 2012 онд аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж байсан. Аймгуудын өрсөлдөх чадварыг дөрвөн багц асуудлаар хэмждэг. Нэгт, аймгуудын засаглал хэр байна вэ. Хоёрт, эдийн засгийн тэнхээ нь ямар байна вэ. Гуравт, бизнес эрхлээд ямар үр ашигтай байна вэ. Дөрөвт, дэд бүтэц нь ямар байна вэ гэдгээр нь үнэлдэг. Эдгээр дөрвөн багц асуудлыг дотор нь 174 шалгуур үзүүлэлтээр хэмждэг. Ингэхдээ олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг. Статистик дээр суурилж, бизнес эрхлэгчдийн санал асуулга дээр суурилдаг" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 
 

Түүнчлэн "Хувь хүний талаасаа 11 жил гэдэг бол урт хугацаа. Энэ хугацаанд сөрөг хандлага ажиглагдаж байна. Анхны тайланг боловсруулж байхад 21 аймгийн дундаж оноо 62 байсан бол 11 жилийн дараа гурван оноогоор нэмэгдсэн. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ бизнесийн үзүүлэлтийн үндсэн үзүүлэлт нь есөн оноогоор буурсан. Энэ бол маш буруу хандлага. Улс орны хөгжил бол бизнес эрхлэгчдээ хамгаалах юм. Энэ үзүүлэлт Монгол Улсад өгсөх биш уруудах хандлага ажиглагдаж байна. Мөн дөрвөн үдсэн үзүүлэлтээс гурав нь буурсан. Харин засаглалын үр ашиг 1.8 оноогоор сайжирсан байна. Мэдээж олон шалтгаан хэлэх байх. Гэхдээ бид шалтгааныг биш байгаа байдлынх нь хэмжээг л хэлж байна.

Жишээ нь, Дархан-Уул аймаг гуравдугаарт хэвээрээ байна. Ерөнхий оноогоор хамгийн их буурсан, анхаарал татсан Ховд, Увс, Баян-Өлгий аймаг байна. Шалтгаан нь, авлига хээл хахуул нэмэгдсэн. Завхан аймаг 20 дугаар байрандаа хэвээрээ байгаад байдаг. Үүнд, ил тод байдал, тендер, аймгийн удирдлагын бодлого, хог хаягдал, эндэгдэл өндөр зэрэг шалтгаан нөлөөлж байна. Аймаг бүрийг 174 үзүүлэлтээр бусад аймагтай нь харьцуулсан гэдгийг ойлгоорой. Нэгдүгээр байранд орж байгаа аймаг бүх зүйлээрээ сайн гэсэн үг биш. Сүүлд орж байгаа аймаг бүх зүйлээрээ муу гэсэн үг биш. Энэ бол харьцангуй ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй" хэмээн ярилаа. 

Тэгвэл судлаач Б.Мөнгөнжигүүр "Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Хоёрт, Орхон аймаг. Дархан-уул аймаг гуравдугаарт орсон байна. Дөрөвт, Өмнөговь аймаг, тавдугаарт Говьсүмбэр, зургаадугаарт Сэлэнгэ аймаг эрэмбэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн онтой адилхан өөрчлөлт гараагүй гэсэн үг. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймаг хамгийн бага оноо авсан байна. Эдийн засгийн тамир тэнхээгээрээ Өмнөговь аймаг нэгт эрэмбэлэгдсэн бол Баян-Өлгий, Баянхонгор аймаг хамгийн бага оноог авсан байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top