БНСУ-ын Соннам хотын Бүндан Жэсэн нэгдсэн эмнэлгийн цээжний мэс засал болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмч нар 2025 оны зургаадугаар сарын 5-6-нд Улаанбаатар хотноо ажиллахаар болжээ.
Бүндан Жэсэн эмнэлэг нь 1998 онд үүсгэн байгуулагдсан нийт 1600 гаран эмч ажилчидтай, өндөр технологийн эмчилгээний төв бүхий Солонгосын томоохон эмнэлэг юм. Тэд энэ удаагийн үзлэг оношлогоо зөвлөгөө өгөх ажлаа Улаанбаатар хотын “Жигүүр Гранд” офист байрлах “Үзэсгэлэнт” клиниктэй хамтран зургаадугаар сарын 5-6-нд зохион байгуулах бөгөөд Бүндан Жэсэн эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн эмгэгийн эмч Пак Сан Жун энэ үеэр элэг, цөсний, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаатай холбоотой үзлэг зөвлөгөө өгнө. Мөн энэ үеэр тус эмнэлгийн цээжний мэс заслын эмч Ким Сан Уг хөхний мэс заслын үзлэг зөвлөгөө өгөх юм байна. Хөхний хортой, хоргүй хавдар оношлогдсон болон хөхний толгойноос шингэн гарах, хөхөнд юм тэмтрэгдэх зэрэг шинж тэмдэгтэй бол та мэдээллээ бүртгүүлж эмчийн үзлэгт хамрагдах боломжтой. Энэ удаагийн үзлэг, зөвлөгөөний үеэр хөхний хавдрын шинжилгээ оношилгоо элэг цөсний хавдрын талаар өвчтөний шинжилгээний хариун дээр тулгуурлан зөвлөгөө өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд газар дээр нь эхо болон цусны шинжилгээ авч үйлчлүүлэгчид илүү тодорхой мэдээлэл өгөх бас эмэгтэйчүүдэд зориулсан хөхний эмгэг болон урьдчилан сэргийлэх сургалт явуулах юм байна.
БНСУ-ын Соннам хот бол Сөүл хоттой хил залган оршдог БНСУ-ын анхны төлөвлөн байгуулсан орчин үеийн хот төлөвлөлттэй, өндөр технологийн компаниуд төвлөрсөн технологийн салбарт тэргүүлэгч хот юм. "Солонгосын Силикон хөндий" хэмээн нэрлэгддэг мэдээллийн технологи, биотехнологи, соёлын технологийн төв болсон энэ хот томоохон анагаах ухааны төвүүдээрээ алдартай бөгөөд Соннам хотын удирдлага 2022 онд Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийсэн үеэс эхлэн хотуудын эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа хөгжсөн байна.
БНСУ-ын Соннам хотын захиргаанаас 2022 онд Улбаанбаатар хотод албан ёсоор айлчлал хийж, хотынхоо эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааны сайн үйлсийн аяныг Улаанбаатар хотод зохион байгуулж байсан бол одоо жил бүр тодорхой хугацаанд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө өгөх, Монголын эмч мэргэжилтнүүдийг богино болон урт хугацааны дадлагажих сургалтад хамруулах зэрэг хөтөлбөрүүдийг хийсээр ирсэн юм.
Ким Сан Уг: Өөхөн эд их байх тусам эстроген дааврын хэмжээ нэмэгдэж, хөхний хорт хавдар үүсэх эрсдэл үүсдэг
Монгол Улсын хүн амын дотор сүүлийн үед нэлээд илрэх болсон өвчний нэг бол хөхний хавдар юм. Иймд хөхний мэс заслын эмч Ким Сан Уг-ийн зөвлөгөөнөөс хүргэе. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээрх сургалтад хүрэлцэн ирэх боломжтой юм.
-Хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс юу байдаг вэ?
-Өөхөн эд их байх тусам эстроген дааврын хэмжээ нэмэгдэж, улмаар хөхний хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа цэвэршсэн, хэт таргалалттай эмэгтэйчүүдэд энэ эрсдэл илүү өндөр байх бөгөөд эстроген болон прогестерон даавар хавсарсан эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хорт хавдар үүсэх магадлал өндөр гэж үзэж байна. Мөн гэр бүлийн хэн нэг нь хөхний хорт хавдраар өвчилж байсан түүхтэй, өдөр бүр 10 гр-аас дээш хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх зэрэг нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх тул эдгээр хүмүүс нь илүү эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
-Хоргүй хавдрыг заавал эмчлэх шаардлагатай юу?
-Хөхөнд ямар нэгэн зүйл мэдрэгдлээ гээд заавал хорт хавдар гэсэн үг биш. Уйланхай, фиброаденома зэрэг хоргүй хавдар байх нь түгээмэл. Ийм тохиолдолд хавдар жижиг байвал тогтмол хяналт хийлгэн явахад хангалттай. Харин хяналтын явцад хавдар томрох, хэлбэр нь өөрчлөгдөх зэрэг шинж илэрвэл авах шаардлагатай болно. Энэ тохиолдолд маммотом хэмээх зүсэлтгүй мэс ажилбарт орж болно. Маммотом нь эхогоор хавдрыг тусган харч тусгай зүү ашиглан хавдрыг авах бөгөөд хэсгийн мэдээ алдуулалттай хийгдэх тул эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Сорви үлдэхгүй, өвдөлт бага, өдөртөө шууд эмнэлгээс гарах боломжтой хялбар мэс ажилбар юм.
-Өөрөөрөө хөхөө шалгах нь яагаад чухал вэ?
-Хөхний хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 56% нь хөхөнд хэвийн бус зүйл тэмтрэгдэж эмнэлэгт ирсэн байдаг. Тиймээс өдөр бүр, ялангуяа усанд орж байх үедээ хөхний хэлбэр, хэмжээ, гадаргууг шалгаж, ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг тэмтэрч байх нь маш чухал. Хэрвээ тэмтрэгдэх зүйл нь шарик шиг бөөрөнхий, хөдөлгөөнтэй байвал хоргүй хавдар байх магадлалтай. Харин хорт хавдар бол ихэвчлэн хатуу, гадаргуу нь барзгар, жигд бус хэлбэртэй байдаг. Хөхөнд ямар нэгэн зүйл мэдрэгдсэн тохиолдолд эмчид хандаж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Мөн 35 нас хүрсэн бол хоёр жил тутамд эмчид үзүүлж, 40 наснаас эхлэн 1-2 жилийн зайтай маммографийн шинжилгээ хийлгэж байхыг зөвлөж байна.
-Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
-Хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга бол тогтмол дасгал хөдөлгөөн хийх юм. Ялангуяа цэвэршилтийн дараа идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг. Мөн зөв хооллолт, жингээ хэвийн хэмжээнд барих, хэт их идэхээс зайлсхийх нь чухал. Эстроген дааварт удаан хугацаанд өртөх нь хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг тул дааврын эмчилгээ хийлгэх үед заавал эмчийн хяналт дор байх хэрэгтэй. Зөвлөгөө сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Дамо эрүүл мэндийн аялал жуулчлалын нүүр хуудсаар дамжуулан авах боломжтой юм. https://www.facebook.com/damomgl
Сэтгэгдэл ( 0 )