Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Латин Хореографик ДАШТ тэмцээн энэ сарын 1-ний өдөр Португали улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсаас хоёр хамтлаг оролцож ганзага дүүрэн ирлээ.
"Star Dance" студийн "Star Girls" хамтлаг өсвөр насны ангилалд нийт 9 багаас шилдэг 6-д шалгарч хамгийн өндөр оноо буюу 29.68 оноотойгоор Дэлхийн аварга болсон бахдам амжилтын эзэн болжээ.
"Royal Dance" клубын "Royal Dance" хамтлаг залуучууд насны ангилалд 3 хамтлагтай өрсөлдөж Алтан медаль, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөгчгүйгээр оролцож мөн Дэлхийн аварга болж, хос цомыг эх орондоо авчирч, төрийн дууллаа хоёронтоо эгшиглүүллээ.
"Star Girls" хамтлаг маргааш буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны өглөө үүрээр эх орондоо ирнэ. Тус тэмцээнд Swan Lake буюу Хунт нуур сэдэвтэй бүжгээр оролцсон "Star Girls" хамтлагийн Ерөнхий дасгалжуулагчаар Д.Батсайхан, дасгалжуулагч багшаар Б.Ууганцэцэг нар ажиллажээ.
"Royal Dance" хамтлагийн хувьд Cat woman болон Pirates бүжгүүдээрээ тус тэмцээнд оролцсон ба дасгалжуулагч багшаар бүжигчин Б.Халиун, О.Эрдэнэ-Очир нар ажилласан байна.
Сэтгэгдэл ( 1 )
баяр хүргье...