ОХУ, Украин олзны цэргүүдээ солилцох тохиролцоонд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 03

Истанбул хотноо ОХУ, Украины яриа хэлэлцээний хоёрдох үе шат өндөрлөв. Нэг цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээгээр талууд хямралыг зохицуулах тухай саналуудаа солилцож, олзны цэргүүдээ солилцох тохиролцоонд хүрчээ.

Оросын талын мэдэгдэл

Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединскийн мэдэгдсэнээр, Оросын тал хоёр бүлгээс бүрдсэн санамж бичгийг Украины талд гардуулжээ. Баримт бичгийн хоёрдугаар бүлэгт гал зогсооход чиглэсэн хэд хэдэн арга, нөхцөлийг тусгасан байна.

Оросын тал зургаан мянган хүний цогцсыг /хөлдөөсөн/ ирэх долоо хоногт Украины талд шилжүүлэн өгнө.

Мединскийн мэдэгдсэнээр, талууд хүнд шархадсан болон 25 хүртэлх насны залуу цэргүүдийг “бүгдийг бүгдээр” гэсэн зарчмаар солилцох тохиролцоонд хүрчээ. Ингэхдээ тал бүрээс дор хаяж мянган цэрэг солилцох бөгөөд эрүүл мэндийн комисс байгуулж, солилцоог байнга явуулахаар болжээ.

Оросын тал фронтын тодорхой хэсгүүдэд 2-3 хоног гал зогсоох санал тавьсан байна. Ингэснээр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг цэвэрлэх ажиллагааг зохион байгуулах боломжтой юм. Талууд мөн хүүхдүүдийн асуудлыг хэлэлцсэн байна. Оросын тал эцэг, эхээсээ холбоо тасарсан украин хүүхэд бүрийн байдлыг авч үзнэ. Өнгөрсөн хугацаанд Оросын тал 101 хүүхдийг Украины талд хүлээлгэн өгсөн бол Украины тал 20 хүүхдийг Оросын. Талд шилжүүлжээ.

Украины талын мэдэгдэл

Украины төлөөлөгчдийн тэргүүн, батлан хамгаалахын сайд Рустем Умеровын мэдээлснээр, Киев энэ сарын 20-30 ны хооронд хоёр талын уулзалтыг дахин зохион байгуулах санал дэвшүүлжээ.

Умеровын мэдэгдсэнээр, талууд хямралыг зохицуулах тухай санамж бичиг харилцан солилцож, олзны цэргүүдийг суллах шинэ ажиллагааг бэлдэж байна.

Киев Оросын санал болгосон санамж бичгийг нэг долоо хоногийн дотор авч үзэж, өөрийн байр сууриа илэрхийлнэ хэмээн Умеров онцолжээ. Украины тал эргүүлэн авах хүсэлтэй байгаа хүүхдүүдийн нэрсийн жагсаалтыг Оросын талд танилцуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu