"Петрочайна"-гийн асуудлаар АЖЛЫН ХЭСЭГ байгуулахаар шийдэв

2022 оны 05 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.05.18/ хуралдаанаар Петрочайнагийн асуудлаар Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны нөөцийн талаарх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулга хийхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

Мөн Газрын тосны олборлолт, хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр газрын тосны хайгуул явагдаж байгаа, ялангуяа газрыни тосны нөөц илрэх боломжтой газар нутгийн талаар аймгийн Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж албан даалгаврыг гаргаж хүргүүлэх шийдвэр гаргажээ.

Тэрээр цааш нь "Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэни байдаг. Хамгийн өндөр нь жилдээ 1.100.000 гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.500.000 мянга орчим газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй байсан. Сүүлийн үед эн тоо хэмжээ багасч байгаа. Энэ нь хамгийн гол асуудал болж байгаа. Яагаад гэвэл бид өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэр барихдаа тухайн үедээ хүчин чадлыг нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.500.000-ыг гаргана гэсөн төлөвлөгөөтэй байсан.

2021 оныг дуусталх хугацаанд нийтдээ 2 их наяд 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. Ойролцоогоор сүүлийн жилүүдэд 200 тэрбум орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилье гэдэг асуудлыг Монгол Улсын талаас удаа дараа тавьж байсан. Тухайн үед Ашигт малтмалын газрын хоёр удаа ажлын хэсэг байгуулж байсан юм билээ. Дараа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мөн хоёр удаа ажлын хэсэг байгуулж байсан юм. Гэвч тодорхой шийдэлд хүрч чаддаггүй. Шийдэлд хүрдэггүйн онцлог бол хоёр талын байр суурь маргаантай байдаг.

Нэгдүгээрт бүтээгдэхүүн хуваах гэрээ бол 1993 онд АНУ-ын хэд хэдэн компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр тодорхой хэмжээний орлогын татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн татварыг төлөхгүй гэсэн байдаг. Энэ гэрээг 2005 онд Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компани хувьцааг нь худалдан авч, бүтээгдэхүүн хуваах гэрээг бүх нөхцөлтэйгөөр нь шилжүүлж авсан байдаг. Хамгийн анхны буюу 1993 оны бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр газрын томын нөөц ашигласны төлбөр Рояалти төлдөггүй байдаг. Үүнээс хойших гэрээнээс Монгол Улс рояалти авч эхэлсэн. Тухайн үеийнхээ хууль эрх зүйн нөхцөл байдалтай холбоотой. Нэг талаас нь хэлвэл 1993 оны анхны гэрээ байгуулж байсан үеийн нөхцөл байдлыг санах хэрэгтэй. Тэр үеийн хүмүүсээ буруутгаж болохгүй. Яагаад гэвэл тэр үед 1969 оноос хойш газрын тосны хайгуулын ажил бүр мөсөн зогссон байсан.1991 онд Газрын тосны тухай хуулийг санаачилж, Их хурал баталсан байдаг. Тэгэхээр газрын тосны нөөцтэй эсэхээ мэдэхгүй байгаа тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж авах зорилгоор үүнийг хийсэн болов уу гэж боддог. 1995 оноос рояалти авч эхэлсэн байдаг" гэсэн мэдээллийг өглөө.

Нэмж мэдээлэхэд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дорнод аймаг дахь Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож байгаа юм.

ХУРАЛДААНЫ ТАНИЛЦУУЛГЫГ ВИДЕОГООР ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батгэрэл(124.158.66.103) 2023 оны 03 сарын 28

Ц.Нямдорж,Алтанхуяг Хүрэлбаатар сайд нар жил бүр 8 тэрбум төгрөг хувааж авч иддэг нь аль хэдийн 10-аад жилийн өмнө илэрсэн билээ Нуун дарагдуулах ажлыг Нямдорж удирддаг,хамгаалдаг хүмүүс маргаж зүрхэлдэггүй,айдаг

0  |  0
ард(122.201.24.198) 2022 оны 05 сарын 21

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнөө гэж ...

0  |  0
Top