ХУУЛИЙН ТӨСӨЛ I Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл НД-ын шимтгэлээс чөлөөлнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 05

Олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх, ажил олгогч, даатгуулагчид ээлтэй нөхцөл бүрдүүлнэ

Хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхад үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхийг зорьж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өчигдөр Засгийн газраар хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар боллоо.

Өргөн барьж буй хуулийн төсөлд мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагуудаас ирүүлсэн дараах саналыг тусгажээ. 
 

  • Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх
  • Хагас хуримтлалын тогтолцоонд шилжих
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулах
  • Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсөнд дээд хязгаар тогтоох
  • Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс шимтгэлийг уян хатан ногдуулах
  • Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг бууруулах
  • Оюутан, залуучууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
  • Оюутан сайн дураар даатгуулах гэрээ байгуулж, ажилтай болсны дараа төлөх бодлого хэрэгжүүлэх
  • Сайн дураар даатгуулагчийн шимтгэл төлөх хугацааг уян хатан болгох (улирал, хагас жилээр)
  • Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх
  • Мега төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн НДШ-ийг хойшлуулах хувилбарыг судлах
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгалын сангаас бүрэн олгох
  • Ажилгүйдлийн тэтгэмж авах, нөхцөлийг өөрчлөх
  • Ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн ослын, тэтгэмжийн даатгалын тогтолцоог ажил олгогчид таатай нөхцөлөөр шинэчлэх.

Иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгоно

Түүнчлэн өчигдрийн (2025.06.04) нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараах үндсэн зорилгод нийцүүлж боловсруулжээ. Үүнд: 

1. Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг хамгаалах, Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олон улсын чиг хандлага, зарчимд нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй болгох замаар иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

2. Бизнесийн идэвхжилийг дэмжих, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгох,Аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн хомсдол, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулж, бүх нийтээрээ тэгш шударга төлж, бизнес эрхлэхэд нэмэлт дарамт болдоггүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгав. 

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд ажилчдын хөгжил, хүний нөөцийн бодлогыг дэмжих, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад татварын тодорхой дэмжлэг үзүүлэх аж. 

Гадаадын хөрөнгө оруулагчдын татварын орчныг илүү таатай болгож хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, татварын орчныг өрсөлдөхүйц болгоно. Аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалтыг илүү хялбар, зардал багатайгаар татах боломжтой болсноор улс орны нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил өсөхөд хувь нэмэр оруулна. 

Татварын хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдэд тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулж, бизнесийн идэвхжих, тэлэх бололцоог ханган, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Л.Энх-Амгалан: Ажил олгогчдын төлдөг НДШ-ийн 2 хүртэлх хувийг хөнгөлж, иргэний төлж буй НДШ-ийн 4 хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлал болгоно

Цаашид хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан системийг нэвтрүүлснээр татвар төлөгчид шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авч, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой асуудлуудыг урьдчилан шийдвэрлэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, нийгэм, эдийн засагт эергээр нөлөө үзүүлнэ гэж үзлээ.

Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бодит орлого өсөх, худалдан авах чадвар нэмэгдэх, өрхийн амьжиргаа дээшлэх, бүс орон нутаг бие даасан, өрсөлдөхүйц, ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой зардал буурах зэрэг эерэг үр дагавартай гэж хууль санаачлагчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu