“Тамгагүй төр” бол Монголын театрын урлагийн сонгодог туурвилуудын нэг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны туурвил зүйн хамгийн бүрэн гүйцэт илэрхийллүүд нь түүний жүжгийн зохиолуудад гүнээ шингэсэн байдгийг судлаачид нэг бус удаа тэмдэглэсэн нь бий. Түүний уран туурвилын тогтолцоот мөн чанарыг судлаач, доктор П.Батхуяг агсан төр-оршихуй, сүр хүч-мөнх бус болон эрх мэдэл-цаг бусын үзэл санааг У.Шекспирийн “сонгодог” уламжлал болох “түүхэн зөрчлүүдийг” баримтлан эрэлхийлсэн хэмээн тодорхойлон бичжээ. Товчхондоо Б.Лхагвасүрэнгийн гэх урлахуйн арга бүхэлдээ зохиолчийн дотоод ертөнц, үзэл санаа болон жүжгийн зохиолууд гэх гурвал тогтолцооны системээр тайлбарлагдана гэж тэрбээр үзсэн бол судлаач, доктор Г.Батсуурь “Тамгагүй төр”-ийг хүн төрөлхтний сонгодог гэгдэх Софоклийн “Эдип хаан”-тай ижилсүүлэн шинжилсэн нь бий.
Б.Лхагвасүрэн агсны яруу найргийн бүтээлүүдийг нэвт сүлбэн гарсан дууль сэтгэлгээг түүний сэтгэл зүйн онцлог буюу хувь хүний давтагдашгүй мөн чанартай холбон авч үзэх хандлага уран зохиолын судлаачдын дунд нэгэнт давамгай болжээ. Яруу илэрхийллийнх нь хүч түрмэг байдал, зарим талаар натуралист гэмээр өгүүлэмж, эмгэнэлт маягийн дэвсгэр бүхий эсрэгцлүүдийг асар зөрчилдөөнт өгөгдлийн илрэл болгон гайхалтай зохируулж тавих ур дүй нь түүний яруу найргийг ийнхүү давтагдашгүй болгож байдгийг хэлэх ёстой. Нүүдэлчин ахуй, уламжлалт бэлгэдэл болон далд ухамсрын цочир эргэлтээр өөрийн эмзэглэл, мэдрэмжийг ер бусын хурц атлаа далдлалт байдлаар илэрхийлж, яруу найргийнхаа амин сүнс болгож байгаа энэхүү онцлог шинж нь зохиолчийн драматик сэтгэлгээг илүүтэй товойлгоно.
...Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүү... (Боржигоны бор тал)
...Авгай нь нөхрөө шидэж хагалсан шаазангийн хагархай
Ад юугаа тайлж амарсан хилэнгийн хэлтэрхий... (Амьдралын бяцхан зурвас)
гэсэн өгүүлэмжийн болон дүрслэлийн ихэсгэл, багасгалууд,
...Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр...
...Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүд... (Солонго билээ, би)
гэхчлэн өгүүлсэн амьдчиллууд,
...Үхэж төрүүлсэн эхээсээ
Цочиж гарсан нялх амьтан… (Буутын ус)
гэх мэт уран хэтрүүллүүдийг Б.Лхагвасүрэн агсны шүлгүүдийн мөр бүрээс олж уншиж болно. Ялангуяа дууль болон эмгэнэлт туулсийн бүтээлүүдэд нь элбэг буй ийм дүрслэл, илэрхийллүүд илүү хатуу хариг агаад зарим талаар сөрөг өгүүлэмжтэй боловч бүхэл бүтээлийн дотор зөв байршиж уянга хийгээд утгын гүнзгийрлийг нэн зохимжтойгоор илтгэсэн байх нь түгээмэл.
Б.Лхагвасүрэнгийн гэх энэхүү яруу найргийн хэл түүний жүжгийн зохиолуудад төгс зохирч дүрүүдийнхээ хэв шинж, шинж чанарыг илэрхийлэхэд дөхөм болохын зэрэгцээ зохиолын үйл явдал, түүний зөрчил, өрнөлийг нөхцөлдүүлэхэд чухал үүрэгтэйгээр хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, зохиолынхоо драматургийг хурцлах, өргөхөд түүний яруу найргийн хэл гайхалтай зохирдог бөгөөд энэ давуу талаа ч тэрбээр мэддэг, тийм ч учраас жүжгийн зохиолуудаа ихэвчлэн шүлэглэж бичдэг байсан нь санамсаргүй байгаагүй. Бүр тодруулах юм бол түүний жүжгийн зохиолууд зүгээр нэг жүжгийн зохиолууд бус яруу найргийн томоохон хэмжээний бүтээлүүд байдгийг онцлох учиртай. Шүлэглэсэн жүжгүүд харьцангуй уламжлалт драматургт тооцогдох бөгөөд барууны ч, дорно дахины ч театрын урлагт зохих байр суурийг эзэлж ирсэн хур их түүхэн угшилтай. Европ дахины театрын урлагийн хамаг л шилдгүүд, эртний Грекийн туульсуудаас эхлэн У.Шекспир, Бенжамин Жонсон, Хенрик Ибсен гээд бүхий л сонгодогууд уран туурвилуудаа яруу найргийн хэлээр буюу шүлэглэсэн өгүүлэмжээр бичиж, энэ хэрээр зохиолынхоо өгүүлэмж төдийгүй баатрын дотоод зөрчил, тэмцлийг хурц, өрнүүн болгосон байхыг бид нэгэнт мэдэх билээ.
Жүжгийн зохиолын онцлог нь баатрын санаа сэтгэлийн илэрхийллээр үйл явдал, зөрчил тэмцлийг тоглуулдагт оршино. Баатрын санаа сэтгэлийн байдал ихэвчлэн харилцан яриагаар илэрхийлэгдэх боловч үйл хөдлөл, бүжиг, хөгжим аялгуу, гэрэл сүүдрээр тоглогдох нь ч бий. Зохиолын дүр дүрслэлийн туульсийн болон уянгын боломжуудыг нэгтгэн нийтгэсэн, үзэгчидтэй тайзан дээрээс шууд амьдаар харилцдаг өвөрмөц амьд төрөл зүйл болохынхоо хувьд театрын урлаг ихээхэн олон талтай. Жүжгийн зохиолын нийтлэг хэлбэржилт болсон харилцан яриаг яруу найргийн хэлээр, тодруулбал айзам хэмнэлийн зүй тогтолт бүтэц, тэдгээрийн харилцан холболт, нэгдмэл байгуулал, авиа эгшгийн цогцлол, хөг аялгууны сонсголонт найрсал бүхий хэлний яруу хэлбэршлээр илтгэн өгүүлж, энгийн хүүрнэл ярианаас илүү гүйцэт, цогц утга, ил болон далд санаа, үзэгчдийн сэтгэлд хүрэх оновч, цэцлэлийг нийтгэн урласнаар уг бүтээлийн туульсийн шинж чанар, түүний эгзэг, ээдрээг тод томруун гаргах боломжийг нэмэгдүүлдэг. Дээр нь Б.Лхагвасүрэн агсны яруу найргийн хэл, оновчтой бөгөөд хүчирхэг илэрхийллүүдийг нэмж ойлгож гэмээнэ сая түүний жүжгийн зохиолуудын мөн чанарыг цухас ч болов танин мэдэх боломжтой болно.
“Атга нөж”, “Хүйтэн сэнтий”, “Тамгагүй төр”, “Гэгээн тамлан”, “Сарны цагаан цус” “Улаан тэргэл сар” зэрэг шүлэглэсэн жүжгүүд түүхийн ахуйгаар дэвсгэрлэн, эрх мэдэл, хонзогнолын огтлолцлоор үндэстний орших хийгээд эс оршихуйн чинадын учир жанцанг хувь хүний, эс бөгөөс ихэс дээдсийн ухамсар, мораль, ёс зүйгээс хамаарах жам ёсны гашуун үнэнийг дэлгэн харуулдаг. Яруу найргийн хэлээр илэрхийлэгдсэн бодрол бясалгалын шинж бүхий гүн ухааны утга, чанараараа тэрхүү түүхэн ахуйгаа хүлхэн, эртний агаад язгуур сэтгэлгээг илтгэн харуулдаг нь Монголын театрын урлагт Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны хийсэн “хувьсгал” юм.
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэхүү эрчимлэг, нүргээнт “хувьсгал” тэртээ 1998 онд дэгдэж, Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны дотогш яргасан хүнд бодролт тоглолтоор өрөгдсөн нь өнөө ч Монголын үндэсний телевизийн алтан сан хөмрөгт хадгалаатай байгаа. Б.Лхагвасүрэн агсан Арчуг хаанаа Л.Жамсранжав агсанд тухайлан зориулж бичсэн гэдгээ тэмдэглэн үлдээснийг тухайн үед найруулагч Ч.Найдандорж дурсан ярьсан байдаг. Яруу найргийг, тодруулбал Б.Лхагвасүрэнгийн яруу найргийг л тайзан дээр тоглуулах зорилго тавьсан гэж Соёлын гавъяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж “Тамгагүй төр”-ийн ажлаа товч тодорхойгоор илэрхийлэн хэлж байлаа. Тийм ч учраас 1998 оны “Тамгагүй төр” хөг эгшиг, яруу хэмнэл болон чинагш тэлсэн урт уужим утгын цогцолбороор өгөгдсөн “тээш”-ийг жүжигчдийн бадрангуй, хэмнэллэг тоглолтоор үзэгчдийн нүд, чихнээ баясгалантайгаар тултал үзүүлсэн гайхалтай бүтээл болсон юм. Отеллогийн Яготой адилтган жишмээр сөрөг дүрийн эталон болгож урласан Эгэрэг түшмэлийн дүрийг Ардын жүжигчин П.Цэрэндагва ер бусын уян налархай гаргаж, чухамхүү буй биеэрээ Б.Лхагвасүрэнгийн яруу найргийн хэлэмж болж тоглосон нь эдүгээ ч үзэгчдийн сэтгэлд ойрхон байдаг.
“Яруу найргийг тоглуулах” хэмээх энэ даалгавар “Тамгагүй төр”-ийг барьж авсан ямар ч найруулагчид хамгийн түрүүнд өгөгдөнө. 2022 онд уг жүжгийг шинэчлэн тавих санаа шулуудах үед “Херо энтертэйнмент”-ийн захирал Б.Баатарт ч мөн нэн тэргүүнд тавигдсан байж таарна. Тайзан дээрээс яруу найргийг үзүүлж болох урлагийн хэлний бүхий л нөөц боломжийг ухаж төнхөж, уудалж онгичсоны эцэст тэр баатруудын харилцан яриагаар илэрхийлэгдэж байгаа агуулгын цаана далд оршиж буй сэтгэл, мэдрэмж, оюун сэтгэхүйн үйл хөдлөлүүдийг биетээр үзүүлэх нэг тийм дотор арзагануулсан “адын” санаанд хөтлөгдсөн нь харагдана. Бүжиг, үггүй тоглолт, пантомим жүжиглэлт, дээр нь хөгжим, гэрлийн эффект, тайзны байгуулалтаар “яруу найргийг тоглуулах” цогц шийдлийг боловсруулж, энэ цагийн “гоцлол” жүжигчид болох Урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн нарын ур чадвараар “дайран гарах” стратегийг төлөвлөсөн нь Монголын сонгодог “Тамгагүй төр” зохиолын цар далайцад нийцүүлэх, үнэ цэнийг унагахгүй байх чин эрмэлзлэлээс шалтгаалсныг ч олж харж болно.
Б.Лхагвасүрэн агсан “Тамгагүй төр”-өө “Хүннү хаадын явдал, эмгэнэлт жүжиг” хэмээн тодорхойлсон. Арчуг хааны их, бага хатад зэрэг шахам нярайлж, хоёул удам залгах нуган хөвгүүд төрүүлсэн нь эзэн эрхт угсаат ёсны хувьд ээдрээт зөрчил болон босож ирж байна. “Үнгэж таалах нь бүү хэл үнэрийг нь хүртэл мартаад олон оныг үзэж буй” их хатан Цэцэр хааны өрлөг Эгэрэгийн хөвгүүнийг төрүүлж буйг Арчуг хаан даанч мэдэхгүй. Гэвч сэжиглэнэ. Тиймдээ ч,
Балгахан жаргалтай шөнүүдийг
Нэгэн дэрэн дээр шатаасан
Бага хатнаасаа гарсан үрийг
Хаан ширээнд суулгана
хэмээн шийдэхэд “Зөнтэй хаан зөвийг нь барьж байгаад” бачимдсан Эгэрэг
...Өлгийтэй хоёр үрийг соль
Өдийд л хийхгүй бол хожимдоно...
гэж Цэцэрийг ятгаж байна.
...Үрээ төөрүүлтэл чивчрэх сэтгэл
Үнэндээ надад алга
Өшөө атаатны золиосонд
Өдий болсноо эс мэдэв, би...
гэж Цэцэр хатан хэчнээн цааргалавч тусыг эс олж, тэрбээр Эгэрэгийн хорон санааг гүйцэлдүүлж байна. Харамсалтай нь Эгэрэг өрлөгийн нууц хүү ухаан мулгуу, усан тэнэг болж өсөв. Хаан хүүгийн тэнэгрэлийн туйлыг зохиолч,
…Эгэрэг өрлөг надад хэлэхдээ
Эцгийгээ үхэхээр чи
Эхтэйгээ гэрлэнэ гэж хэлсэн
Эрхэт төрийн ёс тийм гэсэн
гэх өгүүлэмжээр илэрхийлсэн байдаг. Үүнийг судлаач, доктор Г.Батсуурь сэтгэц задлалын онолыг үндэслэгч Зигмунд Фройдын тодорхойлсон Эдипийн цогцолбор (Ödipuskomplex)-ын үүднээс шинжлэн тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, хаан хүү Ачир хэдий эрийн цээнд хүрсэн ч гэлээ балчир насны хүүхдийн ухамсар, сэтгэхүйтэйн дээр уурлахаараа татаж унадаг эрүүл бус. Багадаа унаганд өшиглүүлсэн сорвитой.
…Улиран ирэх он тоолон
Ухааны минь зул дальдчиж
Төрийг сэтгэх нь битгий хэл
Гэрийг сэтгэж чадахаа болив…
хэмээн Арчуг хаан өтөл болж, нас дээр гарч байгаагаа хэлж, энэ талаар бодож санаж байгаа зүйл бий эсэхийг нь асуухад Ачир,
…Хамаг хүн хайлж
Хаан эзэн халихад
Хасаг тэрэг хяхнан
Их хориг зориход
Энэ тухай бодно доо…
хэмээн хэгжүүрхэж байгаагаас зөвхөн ухаан дутуу бус ёс суртахуун, ухамсар, хүн чанар үгүйн зэрэгцээ наад захын эгэл хүний хэв ёсонд суралцаагүйг харуулдаг. Мөн тэрбээр ихээхэн харгис хэрцгий, араатанлаг чанартай. Гэхдээ тэр хаан. Өлгийтэй байхад нь түүнийг хаанд өргөмжилж, ор залгуулсан.
Энд жүжгийн зөрчил туйлдаа хүрч, мулгуу тэнэг Ачирыг өөрийн хүү гэж санасаар яваа ч цаазлахаас өөр аргагүй байдалд Арчуг хаан орж байна.
…Дур, зорго ухаан хоёроо хурааснаас минь хойш
Дуртай болгон нь төр булаалдаж
Бие биенээ хөнөөж
Бишгүй их дайтах биз
Идэх гэж дурладаг
Мэдэх гэж дурладаг
Тэнэгүүдийн тоглоом болох төрийг
Тэнгэрийн дор би орхиж чадахгүй
Хүүгээсээ би маргааш хагацана
Хүннү төр тэнэгээсээ хагацана
Мянга мянган жилийн одод бие биендээ шивнэж
Миний зөв гэсэн бурууг, нараар цагаатгана…
гэх хааны энэ шийдэл дараагийн цочир өрнөлийн үүтгэл болдог. Хаант төрийн журам, эрхэм дээд зиндаа хийгээд удам угсаа залгамжлах ёсны тухай улс төр, гүн ухааны үзэл санаатай зэрэгцэн тасралтүй үргэлжлэх нэгэн шугам бол Арчуг хаан, бага хатан Гүргэл хоёрын чин журамт хайр юм. Үүнийг дагасан хайрын гоёмсог мадригаль шүлгүүд зохиолын турш хэдэнтээ өгүүлэгдэнэ.
…Чи уул юмаа гэхэд
Чиний цаана уул байхгүй юм шиг
Чи ус юмаа гэхэд
Чамаас өөр мөрөн байхгүй юм шиг
Би чамайг хайрласан сан…
Амь тавин хайрласан
Ганц эмзэг минь…
Алганы минь хээг дагаж бөмбөрсөн
Ганц сувд минь…
…Өдөр мандсан нарны хэлтэрхийг
Шөнө нь би тэвэрч нойрсдог байсан
Тэр минь чи байсан…
Өндрийн живаа оддоос
Ганц од дэргэдээ буулгасан
Тэр минь чи байсан…
хэмээх нандин торгомсог өгүүлэмжүүдээр илэрхийлэгдэх энэхүү хайрын шугам, магадгүй “Тамгагүй төр”-ийн үндсэн шугам ч байж мэдэх юм. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан жүжгийнхээ дууг зохиохдоо энэ л хайрын түүхэнд зориулсан нь санамсаргүй хэрэг биш биз ээ. Чухамдаа энэ хайр хэмжээлшгүй, маш их, бүр төсөөлшгүй их болохыг сэрж гэмээнэ “амьд зовохоор үхэж жаргах эрхийг амраг хатандаа өгч байгаа” Арчуг хааны аргагүй бөгөөд гарцаагүй алхмыг ойлгоно. Энд зохиолын эмгэнэл туйлдаа хүрэх бөгөөд харин өөрийн жинхэнэ хүүг хааны гарт алуулсан Эгэрэг өрлөг Цэцэр хатны өвөрт өсгөсөн хааны хүү Хүчирийг хөнөөснөөр ээдрээ зөрчлийн тайлал эхэлдэг. Хааны эцэг болж эрх ямба, эд хөрөнгөнд умбах төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн тэрбээр өөрөө хаан болж хүслээ гүйцээхээр Арчуг хааны өргөөнд ирж, тамгыг нь шаардсанаар төрийн хуйвалдаан илчлэгдэж байна.
…Төрийг идэх өт
Түшмэд дотроос гардгийг
Ихийн их мэддэг мөртлөө
Эгэрэг чамайг гэж мэдээгүй минь алдас болж…
хэмээн хаан эндүүрлээ тайлаад,
…Бага хатныхаа цээжин дотор
Би тамгаа хийгээд онголчихсон…
…Хоёр сүүн уулын цаана
Хорин улаан горхины уулзах газарт булчихсан…
…Гар чинь цустай
Тархи чинь устай
Төр барьдаггүй юм…
гэсэн уран тайллаар жүжгийн төгсгөлийг Ардын уран зохиолч агсан нууцлаг агаад гүн утгатайгаар шийдвэрлэжээ. Харин ч дайсан этгээддээ төрийн тамгыг алдалгүй, Хүннү хатны онгонд үүрд хадгалснаар ухагдах энэ шийдлээ эсрэгцүүлэн “Тамгагүй төр” хэмээн зохиолоо нэрлэсэн нь найруулагч, уран бүтээлчдээс нарийн торгон мэдрэмж, сэтгэн бодохуй хийгээд эрэлхийлэл шаардсан зохиолчийн ур авьяасын цараагаар тайлбарлагдана.
“Херо” Б.Баатарын “адын” санаа чухам юуг тайзнаа бүжиглүүлэв гэдгийг тодруулах үүднээс Б.Лхагвасүрэн агсны шүлэглэлээс цөөн мөрийг эшиллээ. Ийм яруу найргийг зөвхөн жүжигчдээр уншуулаад орхих хайран байсныг ойлгоход түвэггүй. Тийм ч учраас Б.Баатар найруулагч Хүннү хаад, хатад хийгээд өрлөг түшмэл, нуган үрсийн үг, үйлдлийг тодотгох төдий бус зохиолчоос илэрхий өгөөгүй нууц далд санаа, чинад гүний утгыг хүртэл ил гаргаж, бодитоор үзүүлэхийг эрмэлзэхдээ бүжгийн урлагийн уламжлалт болон шинэлэг элементүүдийг зохистой бөгөөд бүрэн гүйцэт буюу тайз дүүргэн тоглуулсан нь жүжгийн тавилтыг ихээхэн сүр бадрангуй болгож байна. Дом домог, угсаатны уламжлалаас эхэлсэн энэхүү сүрлэг хэмнэл онгод сахиуснуудын дүрслэл бүхий баг асаасан зайрангуудын догшин бүжгээр өрнөхийн хажуугаар Арчуг хааны сэтгэлийн цочирдол, эргэлзээ хардлагыг Эгэрэгийн ятгалга, махралтай эсрэгцүүлэн цамнаж, Цэцэрийн шаналал, Гүргэлийн уярал гээд үзэгдэл, үйл явдалд оролцож буй дүр бүрийн зорилго, үзэл санааг налуу тайзны орон зайг чигжин бужигнатал үзүүлсэн нь жүжгийг олон талтай, баялаг болгоод зогсохгүй зөрчил, тэмцлийн нарийн түвэгтэй ээдрээ сүлбээг урнаар илэрхийлсэн өрнөлтэй шийдэл болсныг онцлохоос аргагүй. Тодорхой хэсэг, зөрчил, туйлын үзэл санааг харуулахаас илүүгээр бүхэл жүжгийн турш ийм өндөр хэмнэлтэй, олны идэвхтэй оролцоо бүхий ажиллагааг тасралтгүй тоглуулсан шийдэл манай театрын түүхэнд урьд өмнө хийгдэж байгаагүйг тооцвол шинэ, содон гэж дүгнэж болно.
Сүр бадрангуй найруулгын амин сүнс болсон бүжгийн дэглэлтийг “Жороон жороо” бүжиг, “Монголын их хатад” туульс, “Нүүдэл” бүжгэн жүжгээрээ овоглосон Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар, “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээрээ 2023 оны шилдэг дэглээчээр шалгарч байсан, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүү нар нягт, чамбай хийжээ. Бүжиг дэглээч нар зохиолын үндсэн өгөгдлийг түүх, соёлын судалгаа, язгуур урлагийн уламжлал, хадны сүг зураг, археологийн олдвор зэрэг олон эш үндэстэй уялдуулан нийтгээд зогсохгүй бүжгийн урлагийн орчин үеийн шинэлэг хандлагыг ч хангалттай ашигласан нь нүднээ илхэн харагдана. Гол баатрын сэтгэлийн хөдөлгөөн, уналт босолтыг жүжигчний тоглолттой зэрэгцүүлж, заримдаа илүү тодотгож, нэг бол бүр үйлдэл, жүжиглэлтийг үргэлжлүүлэн гүйцээх үүргийг ч гүйцэтгэсэн байна. Арчуг хааны тэнэг мулгуу хүүдээ уурсан хилэгнэж илдээ сугалан хоолойд нь тулгаж буй үйлдлийг таван бүжигчнээр дамжуулан үйлдүүлсэн нь тэрхүү илдний явдлыг цуваа дарааллаар үзүүлж, тоглолтыг уран гоёмсог болгоод зогсохгүй хааны уур хилэнгийн долгион, эрчмийг илтгэн харуулж байлаа. Хатдын эргэлзээ, уйтгар гуниг, сэтгэл санааны эргэлтийг тэдний ерөнхий зан төрхийг илтгэсэн хувцас зүүсгэлтэй бүсгүйчүүд олон янз төлөв байдал, үйл хөдлөлөөр харуулахдаа заримдаа баатрын үндсэн зорилготой эсрэгцсэн хэлэмжийг бүжиж байгаа нь тэдний дотоод зөрчлийг тод томруун болгож, илтгэн харуулахыг эрмэлзсэн найруулагчийн оновчтой шийдэл болж байна. Хилэн, тулаан, зөрчил тэмцлийн хэсгүүд дээр эдгээр үйлдлийг олон бүжигчдийн оролцоотойгоор ихэсгэл илтгэн үзүүлж буй нь зохиолын үндсэн өгөгдлийг илүү тодорхой, оновчтой ойлгох, хүлээж авахад үзэгчдэд харин ч дэм болж байлаа. Ингэж бүжигчиддээ тээш өгч, үүрэг гүйцэтгүүлсэн хэдий ч эдгээр бүжгийн тоглолтуудын аль ч элемент жүжгийн үйл явдалд илүүдсэн ч юм уу, нэг бол хэтийдсэн гэхээргүй зохирон таарч байгааг үзэгчдийн сэтгэгдлүүдээс харж болно. Тайз декорац, хувцас хэрэглэлийг мөнхүү ихэс дээдсийн зиндаа, хаадын явдалд зохируулж монументал дизайнаар уламжлал хийгээд авангард хандлагыг ижил тэнцүү шингээн урлахдаа мөнхүү жүжигчдийн болон бүжигчдийн тоглолтод үүрэг гүйцэтгүүлж, улаан, цагаан өнгөний солбицлоор утга санаа, хүний мөн чанарыг жүжүүлж чадсан нь уран бүтээлчдийн гар, ур нийлсэн ажиллагааг илтгэж байна.
Энэ бүхнийг хөгжмийн хэлээр холбон хэлхэж, “Тамгагүй төр”-ийн эмгэнэлт, туульсийн гүн гүнзгий утга санаа, найруулагчийн тайзнаа дүүргэсэн бүхий л тоглолт, элементүүдийг ая эгшгийн яруу хэмнэлээр удирдан зангидаж чадсан туршлагатай хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бирваа, авъяаслаг артист Б.Одбаяр нарыг нэрлэхгүй орхиж болохгүй. М.Бирваа гавьяат үндэсний найрлыг удирдан “Монголын их нүүдэл”, “Талын домог”, “Алтайн сүрлэг уулс” тэргүүт олон алдартай хөгжмийн эгшиглүүлсэн бол сүүлийн жилүүдэд киноны хөгжмүүд дээр голлон ажиллаж буй Б.Одбаяр буюу Оки уламжлалт язгуур аялгуу, хүчирхэг бадрангуй хэмнэлээр өөрийн урын санг баяжуулж ажиллажээ. Мөн л Б.Лхагвасүрэн агсны яруу найргийг өөрийнх нь хөг эгшиг, айзам, бадаглал хийгээд хүний сэтгэлд хүрэх цохилтот чанарт хүргэж хөгжмөөр тайлбарлах “хүнд хэцүү” даалгавар тэдэнд оногдсон байна. Зохиолын утгат хэсэг, найруулагчийн төлөвлөлт, шийдэл бүрийг “дуугаргах”-ын тулд хөгжмийн зохиолч нар зөвхөн судалгаа, эрэлхийлэлд хатаад зогсохгүй гүн бясалгалд автсан болов уу гэмээр жир бусын байгаллиг агаад алсрал агуулагдсан эгшиг аялгууг хэмнэл унагалгүй жигд, тасралтгүй дуурьсгав.
Ч.Найдандорж гавьяатын найруулга, Л.Жамсранжав, Д.Цэрэндагва нарын домог болсон тоглолтоор “босго тогтсон” бүтээлийг дахин барьж авсан нь “Херо” Б.Баатарт бас нэгэн “шалгуур” болсон байна. “Давж гарах” муйхар хүсэлд ороолдолгүй өөрийнхөөрөө, гол нь бүрэн гүйцэт хийх концепцийг баримталсан нь зөв болжээ гэж дүгнэхэд буруудахгүй болов уу. Өөрийн арга барилд тулгуурлан асар их материалыг зохиолын агуулга, үзэл санааны хүрээнд бөөгнүүлсэн нь жүжиг, бүжиг, хөгжим, хэрэглэлийн харилцааг тэнцүүлэхэд бэрхшээл учруулсан байж мэдэх юм. Жүжигчдийн тоглолт зарим газарт бүжгийн хэмнэл, биеийн хэлэмждээ баригдан хязгаарлагдахад хүрч байгаа, бага хатан Гүргэл (жүжигчин О.Дөлгөөн), хаан хүү Хүчир (жүжигчин О.Самданпүрэв) нарын тээш үл мэдэг дутуудаж, зорилго, үүргээ бүрэн тоглож чадаагүй зэргээс энэ бэрхшээл ажиглагдаж байлаа. Жүжгээ зохиолын нэрнээс өөрөөр өгч “Монгол хаан” гэж нэрлэснээс үзвэл тэр хааныг, өөрөөр хэлбэл төрийг тоглуулахыг гол болгосон байна. Үүндээ ч хүрчээ. Олзуурхууштай нь тэрбээр өмнө тавигдсан бүтээлийн хэв маягт баригдалгүй өөрийнхөөрөө ажиллаж, өөрийгөө театрын тайзнаа тунхаглаж чадсан байна. Найруулагч өөрийнхөөрөө ажилласан учир жүжигчид ч өөр өөрийнхөөрөө байж, урьд өмнөх дүрүүдийг давталгүй “Тамгагүй төр”-ийн шинэ түүхийг Монголын театрын түүхнээ сийлбэрлэж чаджээ. Тэдэнд алга ташин, баяр хүргэе.
Нийтлэлч Д.Энхболдбаатар
Сэтгэгдэл ( 50 )
Битгий й солиор\nХийж чадаж яваа нэгэндээ битгий атаарх\nТамын тогоонд амьдрагсад
Яг үнэн Яаж ингэж талархал илэрхийлжээ Онцгуй байна \nҮнэн юм үнэнээрээ байх Энэ жүжиг хэнд хэрэгтэй юм бэ \n\n\n
amjilt\n\n
Хэро баатарыг мөнгөтэй болсон гэж сонсоод сайн долоожээ чи
Сайхан бичжээ\n
amjilt2
Пөөх маш ховор үзэгдэл. Жүжгийн шүүмж. Баярлалаа Энхболдбаатар
Jujgee uzchiheed hutsval zugeersen. Hezee l mongol jujgiig gadniihan uriad dahin2 togluulaad bailaa. Hutsalgui demjeech ataajhuu sgaarnuud min.
Гарчга арай л өөрөөр өгсөн бол... Сошиалын аваргууд гарчгийг нь уншаад доторхыг нь унших ч үгүй. Тэгээд л сэвж өгнө дөө шинэ монголчууд
Херо Баатарын 2007 онд найруулж дэлгэцэнд гаргасан ” би чамд хайртай 2” бол Херо Баатарыг ямар муу найруулагч вэ? гэж надад санагдсан. Би ”Тамгагүй төр” жүжгийг бол үзээгүй гэхдээ жүжигчин О.Дөлгөөн, О.Самданпүрэв 2 дүрээ гаргаж чадахгүй байсан гэж бичсэн байна. Сайнгүй болж дээ гэж санагдлаа.
Гарчигаа ямар муухай бичихийн!Юм хийж буй нэнэндээ урам өг.
Засссс
Б.Лхагвасүрэн агсны яруу найргийн хэл, оновчтой бөгөөд хүчирхэг илэрхийллүүдийг нэгээхэн хэсэг болсон энэхүү бүтээлийг үзээд үнэхээр их биширлээ
Удирдагч хүн ямар бх ёстойг жинхэнэ утгаар нь хөруулсан урлагийн гайхамшигтай бүтээл
Энэ жүжигийг эх оронч болж тоглоод бгаа залуучууд үзэж нүдээ нээ
goe uran bvteel bolson shvv
Сэтгэлд хүрсэн олон сайхан бүттээл хийсэн нэг нь тамгагүй төр мөн өө
sain jujig bolson baina lee nairuulagch uneheer mundag yumaa amjilt husiy ee
Тамгагүй төр жүжиг нь Монголын түүх, соёл, уламжлалыг гайхалтайгаар харуулсан, ард түмний сэтгэлгээ, үнэт зүйлсийг уран сайхны өндөр түвшинд дүрслэн өгүүлсэн гаыхалтай бүтээл болсон байна лээ
Uneheer gaihaltai buteel bolson baina lee shuu uneheer bishirsen shu zohiol jujigchid edr geed bugd super
yostoi saihan buteel bolson bna lee uzeegui humuusiig uzeerei gj heley dee
Vzeegvi hvmvvs ni vzeeree
Hiie gsn ee hiideg l hvn dee
амжилт хүсэж сайн сайхан бүхнийг л хүсэн ерөөе дөөө.
vnheervshildeg bvteel shvv
Монголын урлагын гайхамшигийг дэлхийд таниулсан мундаг сайхан жүжиг боглсон бна лээ. Бахархаж байна. Энэ ямар амьтан юун галзуу хүний тэмдэглэл шиг юм бичээд худлаа бла бла гээд байна аа. аа.
Монголын урлагын гайхамшигийг дэлхийд таниулсан мундаг сайхан жүжиг боглсон бна лээ. Бахархаж байна. Энэ ямар амьтан юун галзуу хүний тэмдэглэл шиг юм бичээд худлаа бла бла гээд байна аа. аа.
Монгол хаан жүжгийн бүжгүүдийг үзээд үнэхээр биширсэн. \nСүрлэг, ихэмсэг, уран тансаг, маш гоё, их гоё дуулдаг ... хэлэх сайхан үг өөр юу байдаг билээ. Ийм сайхан бүтээлүүд хийсэн бүх хүмүүс, тэр цоглог сайхан бүжигчид, хөгжимчид, арын албаны бүх хүмүүст маш их баярлалаа. \nДэлхийд алдаршсан энэ жүжгээ одоо бүрэн бүрэлдэхүүнээр аймгуудад очиж тоглох хэрэгтэй бн.
МАН-АН-Н мафиуудын шиг улс орноо тонон дээрэмдэж амьдрахгүй шүү!!! Түүхэнд миний өвөө авилгачин МАН-АН-Н мафиуудын нэг байсан гэж үр сад нь хүний нүүр өөд эгцлэж харж чадахгүй хүмүүсийн дэргэд нэр цэвэр уран бүтээлч!
Mongol hun hiseed zorivol hiij boldog gedeg zuiliig haruulsan chadahgui bh butehgui bh geed emeen uragshilahaas zails hiideg olon huuhed zaluuchuudad bolomj hun burt neelttei harin hezeech butehgui zuil gej bdaggui gedgiig haruulj chadlaa
Uneheer hiisen buteesen zuiltei ireeduid ch uur olon saihan buteel hiih chadvartai mundag hun yumaa. Chadahgui bh butehgui bh geed emeen uragshilahaas zails hiideg olon huuhed zaluuchuudad bolomj hun burt neelttei harin hezeech butehgui zuil gej bdaggui gedgiig haruulj chadlaa
Үхсэн галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичсэн ац вэ хахахаа !
Энэ уран бүтээл үнэхээр тайзны соёл урлагийн мэдрэмжийг төгс төрүүлсэн шилдэг бүтээл байж чадсан байна бахархал төрсөн шүү амжилт хүсьё
Соёлын Гайхалтай бүтээл болж чадсан Дэлхийн Улс оронд Монгол гэдэг нэрийг гаргаж чадсан ҮНЭХЭЭР БАХАРХМААР БҮТЭЭЛ ШҮҮ
Mongol hun hiseed zorivol hiij boldog gedeg zuiliig haruulsand bayarlalaa. Unuugiin iim erh tegsh bus niigemd haanaas ehelsen ch hamaagui tuushtai bhad l bolno gedgiig shantarch tsuhursun zaluu humuusd notolj chadlaa
Mongol hun hiseed zorivol hiij boldog gedeg zuiliig haruulsand bayarlalaa. Unuugiin iim erh tegsh bus niigemd haanaas ehelsen ch hamaagui tuushtai bhad l bolno gedgiig shantarch tsuhursun zaluu humuusd notolj chadlaa
Гайхалтай сайхан тоглолтыг үзүүлсэн ”Тамгагүй төр” жүжгийн нийт уран бүтээлчдэд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе. Дэвшүүлж буй санаагаа олон сайхан шийдлээр илэрхийлж, үзэгчдийг догдлуулж, омогшуулж чадсан найруулагч, тайзыг эзэгнэж чадсан чадварлаг, авъяаслаг жүжигчиддээ, бүжигчиддээ талархал илэрхийлье. Баярлалаа.
Соёл урлагийн бүхий л гайхамшигийг бүрдүүлсэн агуу бүтээл болсон бсан Тайз гэрэл хувцас бүжиг жүжиглэлт бүгд цогцоороо үнэхээр гайхамшигтай
tamgagu tur bol mongol omogshil mongoliin tuuhiig delhiid taniulj bga buteeldee
Mongoliinhoo soeliig delhiid taniulsan saihan uran buteel bolson
Агуу бүтээл лодой гишүүнд үзүүлэх юисан\n
baharhal omogshil turuulsen gaihaltai bvteel
uneheer saihan buteeliig deed zergiin hemjeend nairuulj taizan deer amiluulj chadsan shu Baatar nairuulagch uneheer chadamjtai urlagiin nariin medremjtei ni haragdlaa ta buhendee ulam ih amjilt husey
“Тамгагүй төр” монгол хүний сэтгэлд үлддэг бүтээл.\nТайзан дээр болж байгаа зүйлс амьдралтай яг адил.\nТөрийн эрх, үнэнч сэтгэл, хүний жинхэнэ мөн чанар \nбүгд нэг дор.
best of best
mongol ulsaa delhiid taniulah shan bvteel blsn bna lee
үнэхээр сайхан жүжиг. Ийм сайхан жүжигийг үзээгүй хүмүүс л муулж байгаа шд
Үнэхээр бахархам бүтээл
Vnexeer mundag gaixaltai nairuulj chadsan shvv
Үнэхээр сайхан бүтээл шүү