"Авлигад амташсаны гайгаар Үндэсний аюулгүй байдал алдагдаж байна"

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Дорнод Монголын энгүй их талын хөрсөн доорх газрын тосны баялгийг олборлох чиглэлд Хятадын төрийн өмчит “Петрочайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж ирсэн билээ. Энэхүү олборлох үйл ажиллагааны эргэн тойронд авилга, хээл хахуулиас өгсүүлэн Монголын төрийн албаны шийдвэр гаргах түвшний албан хаагчдад нөлөөгөө тогтоодог байх магадлалтай талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Энэ сэдвээр 2015 онд Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж, хяналт шалгалт хийх ажлын хэсэг ахлан ажиллаж байсан Х.Энх-Отгонтой ярилцсан юм. 


-Таныг найман жилийн өмнө ажлын хэсэг ахлан “Петрочайна Дачин Тамсаг” компанийг шалгаж, их тааруу үнэлгээ тавьж байсан гэж сонслоо. Тийм атал энэ компани яагаад ажиллаад байдаг юм бол? 

-Миний бие 2015 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдсон. Тэр үед Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гарч ажилласан юм. Ажлын хэсгийг Байгаль орчны сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу аймгийн Засаг дарга холбогдох албан тушаалтнуудын ажил, үүрэг хуваарийн хуваарийн дагуу томилж байгуулдаг.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийг хариуцсан албан тушаалтан тухайн ажлын хэсгийн даргаар томилогддог, ийм журамтай байсан. Энэ хүрээнд би ажлын хэсгийг ахлан “Петрочайна Дачин Тамсаг” компанид очиж ажиллахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг маш хайнга хэрэгжүүлсэн байсан тул 80-аас доош хувийн үнэлгээгээр үнэлсэн. Энэ тохиолдолд дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аас баталдаггүй журамтай. Өөрөөр хэлбэл, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хийж гүйцэтгээгүй ажлыг хийлгэж дууссаны дараа төлөвлөгөөг дахин батлах эрх үүсдэг. Гэтэл ажлын хэсэг очиж шалгаад бодит байдлыг нь үнэлж дүгнэсэн байхад дараа жил нь үйл ажиллагаа зогсох ёстой атал зогсоогүй тэр чигээрээ явсаар байсан. УУХҮЯ, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АМГТГ энэ асуудалд маш “дүлий”, хойрго ханддаг. Тэгсхийгээд яваад сурчихсан байдал надад ажиглагдсан. Бид холбогдох байгууллагуудад аймгийн Засаг даргын албан тоотоор удаа дараа хүргэж ирсэн. Тэгэхэд төрийн байгууллагууд, тэр бүү хэл яамнаас орон нутгийн зүгээс бичсэн албан тоот, тавьсан шаардлагын хариуг ирүүлэхгүй түвшинд ханддаг байсан. Энэ бол нэлээн юм бугшсаны шинж гэж ойлгосон.

Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй “Петрочайна” компанийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг ил тод болгох нь хуульд нийцнэ

-Нэг удаа шалгаад дууссан гэсэн үг үү, эсвэл?

-Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг аж ахуй нэгжүүд БОАЖЯ-аар батлуулан хэрэгжүүлдэг. Тэр хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ өгөх үүргийг Байгаль орчих, аялал жуулалчлалын сайд тушаалаараа орон нутагт өгсөн байдаг.

“Петрочайна Дачин Тамсаг”  компанийн үйл ажиллагаа явуулах хугацаанд анх удаа манай ажлын хэсэг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэсэн байдаг. Хангалтгүй гэж дүгнэгдсэнээр үйл ажиллагаа нь зогсох бүү хэл, хуулийн дагуу шаардлага тавьж алдаа дутагдлыг нь засуулах ёстой салбарын яам, агентлаг  нь орон нутгийг буруутгах, компанийн хууль бус үйл  ажиллагааг өөгшүүлэх аястай хариуцлага тооцохгүй байсан. Үүний цаана хууль журмын хэрэгжилт гэхээс илүү албан тушаалтнуудын хувийн явцуу ашиг сонирхол нөлөөлж байна гэж би дүгнэсэн.

Монгол Улсын төсөвт орох орлого нь “Петрочайна  Дачин Тамсаг”компанийн зардлаас шууд хамаардаг. Учир нь “Нийт борлуулсан газрын тосны үнийн 40 хүртэл хувийг газрын тос олборлох үйл ажиллагаанд зарцуулна” гэж гэрээнд заасан байдаг. Энэ 40 хувийн зардлыг олон нийтэд нээлттэй, үнэлгээг нь бодитой байлгаж чадвал Монгол Улсын хүртэх ашиг нэмэгдэх боломжтой. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн зардлыг өндөр байлгах нь Монголын албан  тушаалтнуудын хууль бус ашиг сонирхолд нийцэж байна. Тиймээс “Петрочайна Дачин Тамсаг” компанийн гаргаж байгаа бүхий л зардлууд олон нийтэд нээлттэй, ил тод байх ёстой.

Тус компанийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой урд өмнөх жилүүдийн мэдээлэлийг олон нийтэд ил тод болгосноор тус аж ахуй нэгжтэй хууль бус ашиг сонирхлоор холбогдсон албан тушаалтнууд ил болох боломжтой гэж харж байгаа.   

Ер нь бол УИХ-ын индэр дээрээс Б.Энхбаяр гишүүн  нэг бус удаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийг тойрсон авлигын сүлжээ байгааг хэлээд байгаа.

Нэг жишээ хэлэхэд, “Петрочайна Дачин Тамсаг” компани дээр 2017 онд шиг санаж байна,  хэсэг монгол ажилчин техникийн зориулалттай спирт найруулж уугаад нас барсан хэрэг гарсан. Газар дээр нь очиж танилцах ажлын хэсэгт би ажилласан. Тэр үед ямар аж ахуй нэгжүүд бараа нийлүүлж, ажил үйлчилгээг туслан гүйцэтгэж, ямар хэмжээний ажил хийж байгаатай танилцсан.  Юу ажиглагдсан бэ гэхээр 1.8-хан  га буюу 100x180 метр газарт мод зүлэг тарих биологийн нөхөн сэргээлтийн ажлыг “Дөлгөөн Хэрлэн” компаниар гүйцэтгүүлэх ажлын хөлсийг 110 мянган ам.доллараар үнэлсэн байгаа юм. Тэр хэмжээний  ажлыг тухайн үеийн өртөг зардлаар нэлээн тавиухан бодоход 18 мянга орчим ам.доллараар л хийчих боломжтой  гэж би хувьдаа дүгнэсэн.  Энд 92 мянган ам.долларын зөрүү гарч байгаа биз. Ганцхан ажилд ийм байгаа юм чинь бусад ажлын өртөг ойлгомжтой шүү дээ.  Иймээс энэ мэдээлэл олон нийтэд ил тод байх нь амин чухал, хамгийн суурь асуудал юм.

-Дорнод аймгийн удирдлагуудын зүгээс  шаардлага тавихад учирдаг бэрхшээл нь юу байв?

-Ер нь бол УУХҮЯ, БАОЖЯ, АМГТГ-ын холбогдох албан тушаалтнууд хуулийн дагуу аж ахуй нэгжүүдэд шаардлага тавьж хариуцлага тооцохгүйгээс гадна эс үйлдэхүйгээрээ аж ахуй нэгжүүдийн хууль зөрчиж буй үйл ажиллагааг хаацайлж байгаа нь хамгийн том хүндрэл байна. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлыг 100 хувь олон нийтэд нээлттэйгээр сонгон шалгаруулах тухай заалт бүхий АМГТГ, Дорнод аймаг, “Петрочайна Дачин Тамсаг” кампанийн гурвалсан гэрээ хэрэгжихгүй байна. Би хувьдаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийн худалдан авах үйл ажиллагааны цаана Тавантолгойн нүүрсний хулгай гэдэг шиг нэг төрлийн хулгай байна гэж харж байгаа.

“Мэнэнгийн тал цөл болох эрсдэл өндөр байна”

-Мэдээж эндээс эдийн засаг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, газрын тосны хулгай гээд асар олон асуудал сөхөгдөх байх. Хэзээ ч нөхөн сэргэхгүй болсон байгаль орчны тухайд  хариуцлагын асуудал орхигдох вий?

-Зөвхөн гаднаас нь харахад нүд халтирам болсон Мэнэнийг тал, цаашлаад эко системийн асуудал, устаж үгүй болсон ургамал амьтны аймаг, ус гол гээд маш хүнд сэдэв хөндөгдөж таарна. Нутгийн ахмадуудаас “Петрочайна” компанийг ирэхээс өмнө “Мэнэнгийн талд худаг гаргахад хэдэн км өрөмддөг байсан бэ” гээд асуухад 40-50 метрт гүний сайхан цэнгэг ус гардаг байсан гэж ярьдаг. Одоо зарим газартаа 200 м өрөмдөөд ч ус гарахгүй байгаа.Энэ юу гэсэн үг вэ гэвэл, газрын гүний цэнгэг ус үгүй болсныг хэлж байна. Дээр дурдсан гурвалсан гэрээнд манай аймгийн санаачилгаар нэг заалт орсон нь “Газрын гүний усны мониторнгийн хяналтын системтэй болох түүнийг орон нутгийн зүгээс цахим сүлжээгээр хянаж болдог байх” гэж байгаа. Энэ заалт мөн хэрэгжээгүй.

Усны геологийн тогтоцоор (би мэргэжлийн хүн биш шүү, мэргэжлийн үг хэллэгийг буруу хэлсэн бол өршөөгөөрэй) бол шимт хөрснөөс доош нэлээд хэдэн метр яваад шаварт үе гэж байдаг. Тэр үеэс доош ус явахгүй тогтоод биологийн хөрсөө чийглэж тэтгэж, өвс ургамал ургамал ургах нөхцлийг бүрдүүлдэг. Түүнээс доош хоёр дахь, гурав дахь шаварт үе гэж тогоо давхарлаж тавьсан мэт шаварт давхаргууд байдаг. Газрын тогтоцоос хамаарч тэнд газрын гүний ус янз бүрийн байрлалтай байдаг. Дэлхийн хаана ч цэвэр усаар газрын тос олборлодог технологи байхгүй. Тэр дундаа нэгдүгээр шаварт үеийн хамгийн амин чухал хэрэгцээтэй цэнгэг усаар газрын тос олборлосон нь хамгийн том гэмт хэрэг юм. Газрын түвшнээс 600 орчим метрээс доош байдаг давстай ус буюу хүнсэнд хэрэглэж болохгүй усаар газрын тосыг олборлох ёстой. Гэтэл Мэнэнгийн талын цэнгэг усаар газрын тос олборлосон нь хорлон сүйтгэх ажиллагаа юм. Үүнд хариуцлага тооцож чадахгүй Монгол төр байгаа нь энэ цагийн эмгэнэл юм.

Нутгийн ахмадууд “Газрын тос олборлохоос өмнө манай нутагт өвс ургамлын үндэс хооронд ын зай мухар сөөм хэртэй байсан бол одоо зарим газраар үзүүр тохой хэртэй болж байна” гэдгийг хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, өвсний үндэс 10 см-ийн зайтай байсан нь зарим газартаа 30-40 см-ийн зайтай болжээ. Газрын хөрсний чийг багассанаас болж тэр хавийн хүчирхэг үндэстэй ургамал тэсэн үлдэж, бусад эмзэг үндэстэй ургамал амьдрах чадваргүй болсныг илтгэж байна.

Түүнээс биш авлигатай тэмцэх тухай ярьж буй энэ үед наана байгаа хэдэн төгрөгийн хулгай зэлгийг зогсоож, шалгаад, тооцоо хийгээд, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэх нь цаг хугацааны л асуудал байх. Бид байгалийн баялгийг ашиглаж болно. Хамгийн гол нь экосистемд сөрөг нөлөөлөл нь хамгийн бага байх арга замаар олборлох хэрэгтэй байна.

Үүнээс гадна Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх үедээ 3000 тонн жонш хууль бусаар олборлон  экспортлосон.  Дараа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг  хууль бусаар авчихсан аж ахуй нэгж ч  байгаа. Энэ тухай  дараа яръя.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.137.53) 2023 оны 05 сарын 23

”Үзүүр нь хязгааргүй цэлийх уудам сайхан стер байдаг” гэж ирээл европын зарим нэг найз нөхөддөө гайхуулан ярих үед Тэр сайхан нутаг орон чинь Хятадынх болсон биздээ гэхээр уур ч хүрэх шиг, толгой гудайлган хэзээ ч Эх орноо бүрэн тойрч үзэж явж чадалгүй Ажил ажил гэсээр амьдралын минь олон жилүүд нисэх мэт өнгөрчэээ !ёстой харамсаад баршгүй \nХайран сайхан Эх орны минь Мэнэнгийн тал минь ...Хамгийн түрүүнд яаралтай АТГаас Петро-чайна- д шалгалт оруулаачээээээээ

0  |  0
Зочин(202.126.88.127) 2023 оны 05 сарын 23

Төрийн хувалз шиг гаруудыг илрүүлж улс орноо аварья шилэн данстай больё жирийн иргэд бид орсон орлогноосоо татвар төлж байхад төрийнхан улс орныг минь дээрэмдэж шулж амьдарч байна тэмцэх хэрэгтэй тэмцэхгүй ард түмэн мөхдөг жамтай шүү

1  |  0
бөөн авлигал(192.82.65.180) 2023 оны 05 сарын 23

Энхбаяр УИХ гишүүн нэг удаа дурдсан. Хятадын энэ компаниас Нямдорж, Очирбат /ерөнхийлөгч байсан/ гэх мэт олон өндөр албан тушаалтай байсан хүмүүс сар бүр мөнгө авдаг гэж хэвлэлээр гарч байсан. тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээ нь нууцын зэрэглэлд орсон гэж. манай төр ялзарсан байхоо, удахгүй бусдын хамт сүйрэх байхоо хэдүүлээ.

1  |  0
Top