Япон Улсын Аомори мужийн Хиросакид тавдугаар сарын 23-29-ний өдөр болсон зургаан өдрийн хэт холын зайн Олон улсын гүйлтийн уралдаанд Өмнөговь аймгийн харьяат, хэт холын зайн гүйгч Б.Буджаргал бахдам амжилт гаргаж, 931 км замыг туулан, тэргүүн байр эзэлжээ.
Түүний үзүүлсэн тэмцээний үр дүн Ази тивийн хувьд дээд амжилтад тооцогдож байна.
Тэсвэр хатуужлын оргилд тооцогдох тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг тамирчид өрсөлдсөн ба манай тамирчин сүүлийн өдрүүдэд тогтвортой амжилтаа хадгалсаар барианд оржээ.
Зургаан өдрийн турш үргэлжилсэн хэт холын зайн гүйлт нь оролцогчдоос сэтгэлзүй болон бие бялдрын өндөр бэлтгэл, хатуужил шаарддаг, спортын томоохон сорилтод тооцогддог.
Б.Буджаргал өмнө нь Америк, Хятад, Орос, Энэтхэг, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсад болсон Олон улсын хэт холын зайн тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж байсан бөгөөд энэ удаагийн ялалт нь түүний замнал дахь бас нэгэн түүхэн амжилт болон үлдэж байна.
Тэрбээр Японд болсон тэмцээнийхээ талаар "Энэ амжилт зөвхөн хувь хүний ялалт бус Монголын хөнгөн атлетикийн спорт, тэр дундаа хэт холын зайн төрөлд шинэ ирээдүй, урам зориг бэлэглэсэн чухал үйл явдал боллоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе, амжилт хүссэн ерөөе