Өнгөрсөн долоо хоногт гарсан "ДЦС-3”-ын осол 200 тэрбумын хохирол учруулж, нийслэлчүүд харанхуй өвөлжих эрсдэл үүсээд байна. (Манай сайтын өмнө бэлтгэсэн мэдээллийг ЭНД дарж унших боломжтой)
Зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө “ДЦС-3” ТӨХК-д осол гарч, инженер залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн ослын улмаас хүний амь нас хохирсон нь ил болж, энэ тухай мэдээллийг салбарын сайд нь чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн билээ.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өөрсдийн байр суурийг илэрхийлж, шаардлага хүргүүлэхээ мэдэгдээд байна. Мөн тус салбарт төсөвлөсөн төсөв соёл урлаг, аялал жуулчлалын салбарт төсөвлөсөн төсвөөс хоёр дахин бага байгаа тухай шүүмжиллээ.
Энэ тухай Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга А.Дагвадорж "2025 онд Эрчим хүчний салбарт 298 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлалын төсөв 525 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Эрчим хүчний салбар техник, технологийн шинэчлэл хийе гэхээр мөнгө ярьдаг. Яаж мөнгө олох вэ гэхээр ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэх тухай ярьдаг, тариф өсгөх тухай ярьдаг. Гэтэл соёлын салбарт мөнгө байна шүү дээ. Гэр нь тоггүй байхад тоглолт үзэх нь чухал уу?
Эвдрэл гарсан төхөөрөмжийг засаж, хэвийн байдалд нь оруулахад багадаа 2 жил шаардлагатай. Тэр хүртэл яаж амьдрах вэ? Дараагийн Засгийн газар, салбарын сайд төсөвтөө анхаараач ээ" гэлээ.
“ДЦС-3” нь нийт 198 Мвт-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг дангаараа хангахаас гадна хүнс, ноос ноолуур, арьс шир, барилгын материалын үйлдвэрлэлийн 88 аж ахуйн нэгжийг технологийн уураар хангадаг аж.
Уг үйл явдлын үзүүлэх нөлөөллийн тухай Хотын захирагч Х.Нямбаатар "Ослын улмаас 1200-1500 тн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын Академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна.
Шинэ Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.
Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэг итгэлтэй байна" хэмээн мэдээлээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тог хэрэгтэй, olittoi duu duulax bish.