Монголын хамгийн өндөр даваануудыг нэг болох Солонготын давааг битүү хучилттай болгох ажил эхэлсэн билээ. Энэ давааны замыг хучихын тулд орчин үеийн технологи, замын шийдлүүдийг ашиглах зураг төсөлтэй.
Завхан аймагт улсын чанартай зам дайран өнгөрдөг Монголын хамгийн өндөр 3 даваа оршдог. Хэдэн жилийн өмнө ЗАГАСТАЙН давааг бүрэн хучилттай болгосон. Хамгийн өндөр хад асга нурааж, тэсэлж барьсан даваа болсон. Энэ жил Завхан-Говь-Алтайн авто замын ажил эхэлсэн. Ингэхдээ ГАНЦын давааг тойруулж зам тавихаар болсон. Цаашид ГАНЦын даваа сумын болоод аялал жуулчлалын зам болж үлдэнэ.
Солонготын даваанд авто замын доорх цэвдгийн гэсэлтийг тогтоон барих технологи болох термосифон хоолойг анх удаа зам барихдаа хамтад нь ашиглах гэж байна. (Өмнө Баян-Өлгий аймгийн Бураатын давааны замыг барьсаны дараа нэмж хийж байсан) Термосифон хоолойг 1.4 км замын хэсэгт барина. Хамгийн урт термосифон хоолой барьсан зам болно. Энэ хүрээнд:
-Гурван төмөр бетон гүүр шинээр барина. Одоо осол болоод байдаг нэг шалтгаан нь жижиг гүүрүүд нь нам дор хийгдсэн учир машин огцом уруудаж мөргөөд байдаг. Тиймээс одоо баригдах гурван гүүрийг өндөрт өргөж барина.
-24 цэгт ус зайлуулах бетон хоолойг барьж байгуулна.
-Өгсөх хэсэг, зарим огцом тойруулгууд дээр том машин хүч алдахад тогтоон барих ослын халаас өндөрлөгөөтэй зогсоолуудыг хийж өгнө. Ийм шийдлээр баригдаж буй Монголын анхны зам болно.
-Өгсөх хэсэг, тойруулгууд дээр нэмэлт эгнээ нэмж барина.
-Замын хажуугаар 11.000 метр туузан хашлага хийнэ.
-Цасны хамгаалалтуудыг нэмэлтээр хийнэ.
-Суурийг цемент бетоноор биш харлуулсан дайргаар хийнэ. Өндөр даваанд ашиглах тусгай зориулалтын асфальтаар хучна.
-Огцом эргэлтүүдийг цөөлж, шулуун болгож зам тавигдана.
-Найман км гео тор дэвсэж замыг барина.
-Давааны орой, овооны хэсэгт том авто зогсоолыг хийж өгнө.
Солонготын давааг битүү хучилттай болгохын тулд инженерийн олон шийдэл, шинэлэг технологиудыг ашиглана. Ингэснээр орон нутгийн иргэд, зорчигчдын санаа зовоодог халтиргаа гулгаа багасах, осол аваар буурах, авто замын арчлалтын зардал буурах, зам даваа хаагдахад онгойлгоход амар хялбар болох, зорчигчид ая тухтай зорчих боломжууд бүрдэх аж.
46 тэрбумаар баригдах Солонготын давааны замыг ирэх оны 11 сард хүлээлгэн өгнө. Ингэхийн тулд гүйцэтгэж буй компанийн ажилтууд 24 цагаар хоёр ээлжээр ажиллана. Тиймээс орон нутгаас туслах ажиллах хүч, хоол хүнс, техник хэрэгсэл нэмэлтээр авах юм.
Энэхүү томоохон бүтээн байгуулалтын зураг төслийг “Ангад арвижих” ХХК хийсэн. Зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК, гүйцэтгэгчээр “Гранд макро зам” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-иуд ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ийм жоохон ажилд тийм их хөрөнгө орох уу?