Өнөөдөр 2022.04.07. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 06 цаг 19 минутад мандлаа, 19 цаг 30 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 19 хэм, шөнөдөө -1 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Словенид өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Руандад Хоморголон устгалд өртсөн хүмүүсийг дурсах өдөр, Арменд Эх хүний гоо сайхны өдөр, Мозамбикт Эмэгтэйчүүдийн, АНУ-д Үндэсний шар айрагны өдөр.
Өнөөдөр Америкийн кино найруулагч, Оскарын зургаан удаагийн шагналт Фрэнсис Форд Коппола, Германы Канцлер асан Герхард Шрёдер, Хонконг-Америкийн жүжигчин, найруулагч, тулааны урлагийн мастер Жеки Чан, Шинэ Зеландын жүжигчин, Оскарын шагналт Рассел Кроу, Оросын жүжигчин, хөтлөгч Михаил Полицеймако, Францын хөлбөмбөгч Франк Рибери зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1930 оны энэ өдөр Улсын зургаадугаар их хурал хуралджээ. Тус их хурлаар нутгийн засаг захиргааны хуваарьт өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргав. Мөн латин үсгийг улсын албанд хэрэглэх шийдвэр гаргажээ.
1955 оны энэ өдөр Хятад-Монголын “БНМАУ-ын бүтээн байгуулалтад туслах ажилчид томилох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.
1961 оны энэ өдөр “БНХАУ болон БНМАУ-ын 1961 оны Соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу хоёр улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, дээд боловсролтой ажилтан, жүжигчдийг харилцан илгээх тухайд тохиролцов.
2006 оны энэ өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хоёр улс Энх тайвны гүүрийг засан сэлбэх барилгын хэлэлцээрт гарын үсэг зурж, хятад ажилчид тавдугаар сараас эхлэн Энх тайвны гүүрийг засах ажил эхлэх болсныг зарлажээ.
2005 оны энэ өдөр Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү БНХАУ-д айлчлал хийв. Энэ үеэр Хятадын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Шао Чивэйтэй уулзаж, санал солилцжээ. Хятадын Засгийн газар Монгол Улсад аялах зорилготой хятад иргэдэд Монгол нээлттэй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдав. Мөн Монгол Улсын хувьд Хятадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалтыг хүлээн авч, БНХАУ-тай аялал жуулчлал, зам харилцааны дэд бүтцийг байгуулах талын хамтын ажиллагааны эрчийг нэмэгдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2001 оны энэ өдөр Ангараг гарагийг судлах зорилготой “Одиссей” хөлөг хөөрчээ.
2003 оны энэ өдөр АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв.
Энэ өдөр үс засуулвал өнгө зүс сайжирна.
Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )