С.Бямбацогт: Хаврын чуулганаар иргэн төвтэй парламентын шинэчлэлийн эхлэл тавигдлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт “ Бид хаврын чуулганы хугацаанд улсын хөгжлийг дэмжсэн, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, иргэдийн амьдралын чанар, орлогод анхаарсан, бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль, тогтоолуудыг баталлаа. Тухайлбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль байна. Тус хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, гэнэтийн шийдвэр гаргахгүй, үнэ тогтооход оролцохгүй, хөрөнгө оруулагчдад ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлж, эрчим хүч, санхүү, боловсрол, барилгын салбарт 41 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн илүү татвар төлсөн нь илүү тэтгэвэр авах, ирэх оны 1 дүгээр сараас ахмадуудын тэтгэвэр нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, бага дунд орлоготой иргэдийг дэмжсэн ХАОАТ болон ААНОАТ-ын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, иргэдийн эрүүл мэндэд анхаарсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах болон Цусны донорын тухай хуулиуд зэрэг олон хуулиудыг баталсан” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Хаврын чуулганы хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 16 удаа хуралдаж, улсын хөгжил, эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий 38 асуудал хэлэлцэж, 18 шийдвэр гаргалаа. Эрх баригч бүлгийн хувьд улсын нийгэм, эдийн засаг, иргэдийнхээ амьдралын чанарыг ахиулахад чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ажиллалаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний 4 зам - 4 чөлөөлөлт” бодлогыг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэл болгосон. Энэ хүрээнд эдийн засгийн томоохон мега төслүүдээ урагш ахиулахаар ажиллаж байна. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлж, үр шимийг монголын ард түмэн хүртэх ёстой. Иймд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан.

Хаврын чуулганы төгсгөлд Монгол улсын Засгийн газар Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээр амжилттай боллоо. Хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Монгол Улс 2037 онд бус энэ жил Оюутолгойгоос ногдол ашиг авахаар “Рио Тинто”-той тохиролцож чадлаа. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах цонх нээгдэж, долоон жилд нэг удаа хэлэлцдэг байсныг 3 жил болгосон. Ингэснээр бидний Оюу толгой гэх энэ том төслөөс үр ашгийг нь хүртэх боломж наашилж байгаа юм. Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан” гэж ярилаа.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын 4 дэх чуулган дунджаар 82 хувийн ирцтэй нийт 35 удаа чуулсан байна. Намрын чуулгантай харьцуулахад гишүүдийн ирц 5 хувиар нэмэгджээ. Хаврын чуулганы хугацаанд 278 хууль баталсны 220 нь хууль, 58 нь тогтоол байна. УИХ-ын Байнгын хороод нийт 127 удаа хуралдсан талаар өнөөдрийн мэдээлэлд дурдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top