"Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн цогцолбор барилгын шавыг тавьж, бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.07.05) Монгол Улсын агаарын навигацийн салбарын стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн цогцолборын нийгмийн барилга байгууламжийн шав тавих ёслолд оролцож, төслийн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Тус цогцолбор нь нийт 11.56 га талбайд баригдах бөгөөд Улаанбаатар хот дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын үндсэн төвтэй уялдан ажиллаж, Монгол Улсын агаарын зайн нислэгийн хөдөлгөөнийг тасралтгүй, найдвартай удирдах бүрэн хүчин чадал бүхий хоёр дахь төв болох юм.

Ингэснээр онцгой нөхцөл байдал үүссэн үед ч агаарын навигацийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үндэсний хэмжээний нөөц чадавх бүрдэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Төслийн хүрээнд орчин үеийн архитектур, хүний хөгжлийг дэмжсэн төлөвлөлт бүхий ажилчдын нийгмийн цогцолборыг хамтатган байгуулна. Металл фасадтай, есөн давхар хоёр блок орон сууц, тэдгээрийг холбосон хоёр давхар үйлчилгээний төв баригдах бөгөөд автомашингүй дотоод орчин, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн олон улсын шаардлагад нийцсэн, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, стандарт сагсан бөмбөгийн заал, фитнес, кофе шоп, үйлчилгээний төв, хувцас солих өрөө, шүршүүр бүхий хоёр давхар спорт цогцолборыг байгуулна. Нийгмийн барилга байгууламжуудыг нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй хатуу хучилттай авто зам, явган хүний болон дугуйн замаар холбох юм.

Өнөөдөр Монгол Улс агаарын зайн нислэгийн хөдөлгөөнийг Улаанбаатар хот дахь нэг төвөөс удирдаж байгаа бол энэхүү төсөл хэрэгжсэнээр анх удаа хоёр төвийн уялдаа холбоотой, тасралтгүй ажиллагааг хангах тогтолцоог бүрдүүлэх юм. Энэ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт, аудитын зөвлөмжийг бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний найдвартай ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал алхам болно.

Төслийн барилга угсралтын ажлыг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК агаарын навигацийн үйлчилгээний орлогоос санхүүжүүлж байгаа бол хоёр төвд суурилуулах систем, тоног төхөөрөмжийн 23 сая еврогийн санхүүжилтийг Франц Улсын Төрийн хөрөнгө оруулалтын банкны экспортын зээлээр, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх гэрээнүүдэд 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан юм.

Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр 200 гаруй байнгын ажлын байр шинээр бий болох бөгөөд төслийн хүрээнд өндөр мэргэшил шаардсан 40 нислэгийн удирдагчийг Франц Улсын ENAC зэрэг олон улсын сургалтын байгууллагад үе шаттайгаар бэлтгэхээр төлөвлөж байна.

Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж, бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр ийнхүү эхлүүллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top