Өнөөдөр 2022.04.06. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 06 цаг 21 минутад мандлаа, 19 цаг 28 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 13 хэм, шөнөдөө -1 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Америкийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, Оскарын шагналт Андре Превин, найруулагч Бэрри Левинсон, жүжигчин Майкл Рукер, Пол Радд, Зак Брафф, Орос, Украины жүжигчин Виктор Сарайкин, Оросын “Иванушки International” хамтлагийн дуучин Кирилл Андреев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1994 оны дөрөвдүгээр сарын 6-11-нд Монгол Улсын ГХ-ийн сайд Ц.Гомбосүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Хоёр улсын ГХ-ийн сайд нар Хятад, Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй олон улсын асуудлаар санал солилцжээ. Хоёр талын сайд нар хэлэлцээр өндөрлөсний дараа “БНХАУ-ын ГЯЯ болон Монгол Улсын ГЯЯ-ны хамтын ажиллагааны баримт”-д гарын үсэг зурж, мөн “БНХАУ ба Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
2005 оны энэ өдөр Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү БНХАУ-д айлчлал хийжээ. Энэ үеэр Хятадын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Шао Чивэйтэй уулзаж, санал солилцов. Хятадын Засгийн газар Монгол Улсад аялах зорилготой хятад иргэдэд Монгол нээлттэй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурджээ. Мөн Монгол Улсын хувьд Хятадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалтыг хүлээн авч, БНХАУ-тай аялал жуулчлал, зам харилцааны дээд бүтцийг байгуулах зэрэг талын хамтын ажиллагааны эрчийг нэмэгдүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1947 оны энэ өдөр Америкийн театрын урлагийн шилдгийг шалгаруулах Тонигийн наадам анх удаагаа зохиогджээ.
1957 оны энэ өдөр Грекийн усан онгоцны саятан Аристотель Онассис Элленикийн үндэсний агаарын тээврийн компанийг худалдан авч, нэрийг нь “Olympic Airlines” болгон өөрчлөв.
1965 оны энэ өдөр дэлхийн анхны харилцаа холбооны хиймэл дагуулыг хөөргөжээ.
Энэ өдөр үс засуулвал эд мал арвижна.
Эл өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )