ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Өнөөдөр 2022.04.05. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 06 цаг 23 минутад мандлаа, 19 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -4 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр БНСУ-д мод тарих өдөр, Палестинд Хүүхдийн өдөр тохиож байна.

Энэ өдөр АНУ-ын 65 дахь Төрийн нарийн бичгийн дарга Колин Паувелл, Халимагийн анхны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Греммигийн 11 удаагийн шагналт Америкийн рэппер Фаррелл Уиллиамс, Өмнөд Солонгосын жүжигчин Шин Мин-А, Германы хөлбөмбөгч Тимо Хильдебранд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1904 оны энэ өдөр олон улсын түвшинд анх удаагаа регбигийн тоглолт зохиогджээ.

1915 оны энэ өдөр Кубын нийслэл Гавана хотод болсон мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт Жесс Уиллард, Жек Жонсон нарын хооронд болж, Ж.Уиллард итгэмээргүй ялалт байгуулж, дэлхийн аварга болжээ.

1998 оны энэ өдөр дэлхийн хамгийн урт гүүр болох Аважи арлыг Кобе хоттой холбосон Акаши Кайкио гүүр ашиглалтад оров.

2009 оны энэ өдөр Хойд Солонгосын удирдагч “Кванмёнсон-2” хиймэл дагуулыг хөөргөсөн нь олон улсын түвшинд маргаан дагуулсан билээ. Японы талаас үүнийг эх орныг нь тагнах, мэдээлэл цуглуулах зорилготой гэж үзсэн тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зургаан талт яриа хэлэлцээрийг эхлүүлжээ.

Энэ өдөр үс засуулвал бие эрхтний хүч сайжирна.

Эл өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм. Ханш нээх улирал 3 цаг 27 минутад эхэлнэ.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top