ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Өнөөдөр 2022.03.30. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 06 цаг 35 минутад мандлаа, 19 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Палестинд Газар нутгийн өдөр бол АНУ-д Үндэсний эмч нарын өдөр, Тринидад ба Тобагод Чөлөөлөгдсөн өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч, Оскарын шагналт Уоррен Битти, Донна Д’Эррико, Грэммийн шагналт дуучин Трэйси Чапмен, Канадын дуучин Селин Дион, Оросын хоккейч Сергей Мозякин, Испанийн хөлбөмбөгч Серхио Рамос зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Монгол Улсын хаан Жибзундамбаас хоёр улсын найрамдлын гэрээ байгуулах тухай Орос улсын хаанд бичиг илгээжээ. Уг бичигт “Монгол Улсын эзэн хаан хичээнгүйлэн Их Орос улсын эзэн, их баатар цагаан хаантны амгаланг эрэн, Их хаан танаас тусгайлан Элчин сайд Кростовецийг мөхөс улсад илгээн найрамдлын гэрээ бичиг байгуулж, хоёр улс үүрд сайнаар найрамдан, энх түвшин жаргасугай хэмээснийг мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн сэтгэлээр машид баярлаж амуй” гэж бичжээ.

1963 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

1996 оны энэ өдөр Монгол Улсын БСШУЯ-ны сайд С.Төмөр-Очир Хятадад айлчилж, хоёр тал “Монгол-Хятадын 1996-2000 оны боловсролын солилцооны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1940 оны энэ өдөр Хятад-Японы хоёрдугаар дайнаар Япон улс Хятадын Нанжинг хотод хяналтаа тогтоожээ.

1945 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Австрийн Венна, Польшийн Данзиг хотуудыг чөлөөлөв.

1949 оны энэ өдөр Исланд улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал Рейкявик хотноо болжээ.

1982 оны энэ өдөр “Шаттл" сансрын хөтөлбөрийн хүрээнд “Колумбиа” хөлөг даалгавраа амжилттай биелүүлж, Шинэ Мексико мужийн Цагаан элсний хөндийд газардав.

2017 оны энэ өдөр Дэлхийн анхны хувийн хөлөг “SpaceX” амжилттай хөөрч, сансрын уудамд гарчээ.

Энэ өдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top