ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Өнөөдөр 2022.03.29. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 06 цаг 37 минутад мандлаа, 19 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -11 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Өнөөдөр ОХУ-д Хуулийн мэргэжилтнүүдийн өдөр бол Хятад, Тайваньд Залуусын өдөр, Чилид Залуу дайчдын өдөр.

Энэ өдөр Португалийн хөлбөмбөгч Руй Кошта, Голландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Марк Овермарс, Олимп, дэлхийн аварга, Оросын өндрийн харайгч Иван Ухов, Францын хөлбөмбөгч Димитри Паей, Нголо Канте, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Аирин, Америкийн жүжигчин Хейли Макфарланд зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1981 оны энэ өдөр дэлхийн 101 дэх, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа эх дэлхийдээ буцаж иржээ. Түүнийг монгол заншлаар сүү, хадаг барин угтав.

1994 оны энэ өдөр Хятад, Монгол, Орос гурван улсын бүс нутгийн байгаль хамгаалах хамтын гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

2006 оны энэ өдөр БНХАУ-ын Хөлөнбуйр муж “гарц” нэртэй стратегийн бодлого хэрэгжүүлж, 60 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсад бүтээгдэхүүн нийлүүлэлт нь 87-гоос дээш хувьд хүрдэг төмрийн хоёр том уурхайн эрхийг эзэмших болов.

2013 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх талаар зарлиг гаргажээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1974 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн “Маринер 10” хөлөг Буд гарагийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.

1990 оны энэ өдөр Чехословакийн ардын их хурал хуралдаж, Коммунизм бүрэн нуран унаж, засаглалаа задлан бутаргахаар болжээ.

2002 оны энэ өдөр Израил, Палестины хооронд хүчтэй тулаан өрнөжээ. Энэ нь 1967 оноос хойших хамгийн том тулаан болсон юм.

2014 оны энэ өдөр Англи, Уэльст ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.

2017 оны энэ өдөр Их Британи улс Европын зүйл заалтын 50 дугаар хэсгийн дагуу Брекситээс гарах ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.

Энэ өдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top