ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Өнөөдөр 2022.03.25. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 06 цаг 45 минутад мандлаа, 19 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө -1 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхий дахинд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваад амиа алдагсдыг дурсах өдөр. ОХУ-д өнөөдөр Соёлын ажилтнуудын өдөр бол Словенд Ээжүүдийн өдөр, Беларуст Эрх чөлөөний өдөр юм.

Өнөөдөр Английн домогт дуучин Элтон Жон, хөлбөмбөгч Скотт Синклейр, Украины боксчин, олимпын аварга, дэлхийн мэргэжлийн боксын хүнд жингийн хоёр удаагийн аварга Владимир Кличко, Америкийн дуучин Катерин МакФий, Америкийн сагсан бөмбөгч Кайл Лаури, Нигерийн хөлбөмбөгч Виктор Обинна зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1917 оны энэ өдөр Монгол Улсын Дээд хурал “Нийслэл хүрээнд ирэх мал, бусад зүйлийг зам тосон авч худалдан ашиг олохыг хориглох" дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ.

1925 оны энэ өдөр БНМАУ-ын II Бага хурал хуралдав.

1963 оны энэ өдөр 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд Бээжинд гарын үсэг зурсан “БНХАУ болон БНМАУ-ын хилийн гэрээ”-ний солилцох ёслол Улаанбаатар хотод болов. Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сье Фушэн болон Монголын ГЯЯ-ны дэд сайд С.Сосорбарам нар хоёр улсын Засгийн газрыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурав.

1989 оны энэ өдөр БНМАУ-ын ХЗЭ-ийн ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл тэргүүтэй ХЗЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-д айлчлах замдаа БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын КЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Сун Дэфүтэй ажил хэргийн уулзалт хийжээ.

1996 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай Хятадын “Ардын өдрийн мэдээ” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр “Хөгжиж буй Монгол, Хятад хоёр улсын харилцаа нь өнөөдрөөс хойш Монголын гадаад улс төрийн бодлогын нэгэн чиглүүлэгч болж байна. XXI зуунд Монгол, Хятад хоёр улсын харилцааг бэхжүүлж, хөгжүүлэх нөхөрсөг хамтын ажиллагаанд сайхан ирээдүй ирсэн” гэж хэлжээ.

2008 оны энэ өдөр Монгол Улсын ГХ-ны сайд С.Оюун БНХАУ-д айлчлал хийв.

2014 оны энэ өдөр Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, Монгол Улсын сүмоч Какүрюү М.Анандад ёкозүна цол хүртээхийг дэмжижээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1918 оны энэ өдөр Бүгд найрамдах Беларус ард улс байгуулагджээ.

1957 оны энэ өдөр Баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд нэгдэж, Европын эдийн засгийн зөвлөлийг байгуулав.

1969 оны энэ өдөр Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд "Орон дээрх энх тайван" зургаа авахуулжээ.

1979 оны энэ өдөр АНУ-д бүрэн угсарсан анхны сансрын хөлөг болох Колумбиа хөлөг Жон Кеннедигийн сансар судлалын төвөөс хөөрчээ.

1988 оны энэ өдөр Братислав хотод Чехословакийн коммунист засаглалыг эсэргүүцэн олныг хамарсан лаатай жагсаал зохион байгуулж байв.

Энэ өдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top