ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Өнөөдөр 2022.03.23. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 06 цаг 49 минутад мандлаа, 19 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 6 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр. Боливд энэ өдөр Далай, тэнгисийн өдөр бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад Гэр бүлийн, Унгар болон Польшт Хоёр орны нөхөрлөлийн өдөр, Азербайжанд Хүрээлэн буй орчин, байгалийн баялгийн яам байгуулагдсан өдөр юм.

Өнөөдөр Австрийн кино найруулагч, Оскарын шагналт Михаэль Ханеке, Америкийн дуучин Рик Окасек, жүжигчин Аманда Пламмер, Их Британийн усанд сэлэгч, олимпын таван удаагийн аварга Стив Редгрейв, Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Фернандо Йерро, Америкийн сагсан бөмбөгч Жейсон Фредерик Кидд, жүжигчин Кери Расселл, Мишель Монаган зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1940 оны энэ өдөр Лахор хотод “Бүх Энэтхэгийн муслим лиг” байгуулагджээ.

1978 оны энэ өдөр НҮБ Ливанд энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулахаар болж, цэнхэр дуулгатнууд Бейрутад иржээ.

1983 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган цэргийн орчин үеийн зэвсэглэлийн технологийг сайжруулах шийдвэр гаргав.

1996 оны энэ өдөр Тайваньд Ерөнхийлөгчийн анхны ардчилсан сонгууль болж, Лий Тенг-Хуй Ерөнхийлөгч болжээ.

2019 оны энэ өдөр АНУ-ын дэмжлэгтэй “Сирийн ардчилсан хүчин” “Исламын улс” бүлэглэлтэй дөрвөн жилийн турш хийсэн тулаанд ялалт байгуулсан гэдгээ зарлав.

Энэ өдөр үс засуулвал өлсөж ундаасна.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top