ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Өнөөдөр 2022.03.22. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 06 цаг 51 минутад мандлаа, 19 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 2 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Мөн Наурызын баяр тохиож байна. Монгол Улсад өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр.

Өнөөдөр Нобелийн шагналт Америкийн физикч Бартон Рихтер, Ираны анхны Ерөнхийлөгч Адолхассан Банисадр, Мауритиус улсын хоёр дахь Ерөнхийлөгч Гассах Утийм, Америкийн сагсан бөмбөгч Маркус Кемби, Америкийн жүжигчин Рийз Уидерспүүн зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:

1936 оны энэ өдөр Улсын XX бага хурлаар Д.Догсомыг УБХ-ын даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар тус тус томилжээ.

1981 оны энэ өдөр Монгол хүн сансарт ниссэн билээ. Зөвлөлтийн сансрын нисэгч В.А.Жанибеков, Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар "Союз-39" хөлгөөр сансарт хамтарсан нислэг хийсэн юм.

1990 оны гуравдугаар сарын 22-24-нд АИХ-ын наймдугаар чуулган хуралдаж, П.Очирбатыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар, Ш.Гунгаадоржийг СнЗ-ийн даргаар тус тус сонгов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917 оны энэ өдөр АНУ дэлхийд анх удаагаа Оросын түр Засгийн газрыг хүлээн зөвшөөрчээ.

1935 оны энэ өдөр Перс улс албан ёсоор Иран хэмээн нэрлэгджээ.

1945 оны энэ өдөр Каирт Арабын улсуудын лиг үүсгэн байгуулагдав. Лигийн бүрэлдэхүүнд хамгийн түрүүнд Египет, Сири, Ливан, Ирак, Иордан, Саудын Араб, Йемен оржээ.

1963 оны энэ өдөр “The Beatles” хамтлаг “Please Please Me” цомгоо гаргажээ.

1995 оны энэ өдөр Оросын сансрын нисэгч Валерий Поляков сансарт хамгийн удаан буюу 437 хоног, 18 цаг ажиллаад эх дэлхий рүүгээ буцаж ирэв.

Энэ өдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top