ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Өнөөдөр 2022.03.21. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 06 цаг 54 минутад мандлаа, 19 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -16 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр. Бельги, Итали, Лесото,  Португалд Мод суулгах өдөр бол Гүржид Хилчдийн өдөр, Намибид Тусгаар тогтнолын, ӨАБНУ-д хүний эрхийн өдөр.

Өнөөдөр Монголын дууны шүлгийн мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Жамцын Бадраа (1926-1993)-гийн мэндэлсэн өдөр. Тэгвэл дэлхийн алдартнуудаас “М&М”, “Марс” шоколадыг бий болгосон Форрест Марс, олимпын зургаа, дэлхийн 17 удаагийн алтан медальт Норвегийн цаначин Марит Бьёрген, Олимпын мөнгөн медальт Этиопын гүйгч Эжегаеху Дибаба, Испанийн хөлбөмбөгч Мичу, Францын хөлбөмбөгч Антуан Гризманн зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Монголын баруун хязгаар дахь Дөрвөдийн хоёр аймгийг татан буулгаж, Ховдын сайдын газарт захируулжээ. Дараахан нь энэ хоёр аймгийн нутгийн захиргааны дүрмийг баталсан байна.

1990 оны энэ өдөр Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан Монголд болжээ. Хурлаар Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрчээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Орост өрнөсөн Октябрын хувьсгалын дараа Унгар улс Зөвлөлтийн засгаар замнахаар болжээ. Ингэснээр Европ тив Оросоос гадна коммунист улстай болсон юм.

1928 оны энэ өдөр Атлантын далайг анх удаагаа нисэж туулсан Чарльз Линдбергт “Гавьяаны медаль” гардуулжээ.

1935 оны энэ өдөр Ираны шах Реза Шах Пахлави улсынхаа нэрийг Персээс Иран болгон өөрчилж, олон улсад танилцуулжээ.

2006 оны энэ өдөр “Твиттер” албан ёсоор байгуулагдаж байв.

Энэ өдөр үс засуулвал эд малын гарлагатай.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Харин лус тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top