ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

Өнөөдөр 2022.02.08. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 08 цаг 10 минутад мандлаа, 18 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -19 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ОХУ-д Шинжлэх ухааны өдөр.

Энэ өдөр Америкийн хөгжмийн зохиолч, Оскарын таван удаагийн, Алтан бөмбөрцөгийн дөрвөн удаагийн шагналт Жон Уильямс, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Ник Нолти, зохиолч, улстөрч Жон Гришэм, сагсан бөмбөгч Алонзо Моурнинг, Клей Томпсон, Болгарын хөлбөмбөгч, дасгалжуулагч Христо Стоичков, Оросын уран гулгагч, олимпын аварга Роман Костомаров, Хятадын гимнастикч, олимпын гурван удаагийн аварга Ян Вэй, Италийн уран гулгагч, Европын таван удаагийн аварга Каролина Костнер зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1947 оны энэ өдөр МАХН-ын 11 дүгээр Их хурал хуралдаж, БНМАУ-ын улсын ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталж, МАХН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

1963 оны хоёрдугаар сарын 8-9-нд БНМАУ-ын АИХ-ын IV хурлаар БНМАУ болон БНХАУ-ын хилийн гэрээг батлав.

1967 оны энэ өдөр БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан хоёрдугаар сарын 5-ны өдөр Зөвлөлтийн Элчин сайдын яамны ажилтныг үдэн гаргах үед Хятадын улаан хамгаалагч нарт бүслэгдсэнд БНМАУ-ын ГЯЯ-наас эрс эсэргүүцэл илэрхийлжээ.

1990 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд Ардчилсан социалист хөдөлгөөнөөс улс төрийн шаардлага бүхий Ил захидал илгээв.

2016 оны энэ өдөр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ шагналыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалт, "Монголын алт" ХХК-ийн хийн бетоны үйлдвэрт тус тус олгожээ.

Энэ өдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top