“Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт (ЭКСИМ) банкны Ерөнхийлөгч Хван Киён-г хүлээн авч уулзан, “Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт гэж тодорхойлсон. Шинэ төв нь зөвхөн эмнэлгийн барилга бус хавдрын оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, инноваци, үндэсний хавдрын бүртгэл, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, олон улсын хамтын ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн үндэсний хэмжээний цогц төв байх юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Хавдар судлалын үндэсний төв-II” төслийг БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн (EDCF) хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх асуудлыг дэмжиж, төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтыг эхлүүлсэнд талархал илэрхийллээ.

Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төв-II барих 15 га газрыг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд шийдвэрлэж, 2026 оны улсын төсөвт бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын санхүүжилтийг тусган, гадна инженерийн дэд бүтэц, үерийн хамгаалалтын байгууламжийн ажлыг эхлүүлээд байгааг мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top