ХӨСҮТ: Тайванийн мэргэжилтнүүд халдварт өвчний судалгаанд дэмжлэг үзүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа эрүүл мэндийн салбарын хөгжил,  эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах чиглэлээр Тайванийн Анагаах ухааны шийдвэр гаргах холбооны ерөнхийлөгч Чи-Чан Чантай уулзаж санал солилцлоо.  



Тус байгууллага манайд халдварт өвчний тандалт, сэргийлэлт хариу арга хэмжээнд зан үйлийн судалгааг гүйцэтгэх болон хиймэл оюун ухааныг тандалт, оношлогоо төдийгүй клиникт өргөн хэрэглэх тал дээр туслалцаа үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэнд Ж.Байгалмаа захирал талархал илэрхийлээд хамтын ажиллагааны боломжит чиглэлүүд болон хоёр улсын эмч судлаачдын хамтран хийж хэрэгжүүлж болох судалгааны талаар тодорхой санал тавьсан юм.



Тайванийн Анагаах ухааны шийдвэр гаргах холбоо манай улсад цахим дата буюу өгөгдлийн практик хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой чухал ач холбогдол бүхий судалгаа, шинжилгээний ажлууд дээр дэмжлэг үзүүлэх боломжтойг хэлж байсан.



Уулзалтад ХӨСҮТ-өөс гадна Хүн амын эрүүл мэнд судлалын төвийн тэргүүн П.Болормаа, АШУҮИС-ийн Эх, барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн дэд профeссор, анагаах ухааны доктор П.Жаргалсайхан нар оролцож өөр өөрсдийн чиглэлээр хамтран ажиллах боломж, ойрын ирээдүйд хэрэгжүүлэх боломжтой судалгаа, эрдэм шинжилгээний сэдвийн талаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top