Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2026.03.18) хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаан 10 цаг 18 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар хэлэлцэх асуудлын товыг танилцуулав.
Хуралдаан даргалагч эхний асуудал буюу Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гарган санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт болон 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн талаарх хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулан томилгооны сонсгол явуулж, Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгч бус хоёр гишүүнийг томилсон байдаг. Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах явцад Улсын Их Хурлын гишүүдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг боловсронгуй болгож, холбогдох хуульд нийцүүлэх санал гаргажээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, Ажлын хэсэг байгуулахаар болсон гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар танилцууллаа. Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулж, хуульд нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын тогтоолын төслийг боловсруулсан гэв. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар дэмжиж, үг хэллээ. Ийн хэлэлцээд, таван гишүүнээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулахаар болж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатарыг томилохоор тогтоолын төсөлд нэмж тусгалаа. Тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд болсон. Хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Ц.Цолмон, Б.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан.
Дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Д.Отгонбаяр, С.Номынбаясгалан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир оролцсон. Энэхүү хуралдаанаар дээр нэр дурдсан, Монгол Улсын иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэл буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх хугацааг гурав хоногийн дараа эхлэн арав хоногийн дотор буюу 7 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байна. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн..." саналыг тавьснаас хойш арав хоногийн дотор буюу гурав хоногийн дотор шийдвэрлэхээр заасан нь тус асуудлыг хэлэлцэх хугацааг дөрөв хоногоор багасгасан байна. Иймд тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцэд хандан холбогдох тайлбар хүргүүлсэн. Тус тайлбартаа, ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дээрх хэсэгт зохих өөрчлөлт оруулан Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөхөөр тусгасан хэмээн тайлбарласан гэв.
Мөн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас дараах дүгнэлтийг Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргасан хэмээн уншиж танилцууллаа. Энэхүү дүгнэлтэд "1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “..хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэж заасанд нийцээгүй байна. 2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш. ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй байна. 3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн...” гэж, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай." гэжээ.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Уг дүгнэлтийг хэлэлцээд, нэгбүрчлэн санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжсэн тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэв.
Товч танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хийж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцээгүй гэж шийдвэрлэж, уг зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт гаргасан хэмээв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон учир дээрх дүгнэлт нь гарсан цагаасаа хойш (ex nunc) үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй үр дагавартай болохыг тэмдэглэсэн байна.
Дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүний хувьд тэрбээр, УИХ-ыг ердийн шүүхэд дуудах эрхгүй, зөвхөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр шийдвэрлэх зохицуулалтын талаар онцолж байлаа.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөв
Сэтгэгдэл ( 0 )