Японы хөрөнгө оруулалттай компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
7 цагийн өмнө

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа, холбооны дэд сайд Накано Хидэюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улс 54 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, өдгөө өргөжин тэлсээр стратегийн, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжиж байгааг уулзалтын үеэр талууд онцлов. Үүний нэг нь Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Японы Статистикийн товчоо хамтран ажиллах Санамж бичгийг 2017 онд байгуулж, цар тахлын үед ч тасралтгүй үргэлжилсэн явдал юм хэ

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үнэлэгддэг Монголын Үндэсний статистикийн хороо гар утас, хиймэл дагуулын өгөгдөл зэрэг олон эх сурвалжаас мэдээллээ цуглуулдаг сайн туршлагаас суралцах бодолтой байгаа талаар, ирэх зургадугаар сард Японоос сургагч багш ирж ажиллах зэрэг асуудлыг зочин талаас хөндсөн юм.

Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга, 5 дахь удаагаа парламентад сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын мэндчилгээг уламжлахын сацуу статистикийн салбарт мэргэжилтнүүдээ илгээж, дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр талт уулзалтуудыг тогтмол хийх нь үр дүнтэйг тэмдэглээд, Монгол, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлэхэд Байнгын хороо онцгой анхаарч байгаа гэв.

Талууд Санамж бичиг болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо. Уулзалтад Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид байлцав.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.106) 6 цагийн өмнө

ha ha ha yaponchuud hurungu oruulna ch gej yu baihav. baliar ashigcb hogiin haruud sh te

0  |  0
Top