Өнөөдөр 2022.02.10. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 08 цаг 07 минутад мандлаа, 18 цаг 06 минутад жаргана.
Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -23 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Иракийн Курдистанд Зохиолчдын холбооны өдөр бол ОХУ-д Дипломат ажилтнуудын өдөр, мөн Александр Сергеевич Пушкиныг дурсах өдөр юм.
Энэ өдөр Америкийн усанд сэлэгч, олимпын есөн удаагийн аварга, дэлхийн олон удаагийн рекордын эзэн Марк Спитц, Америкийн жүжигчин, продюсер Лора Дерн, Элизабет Бэнкс, жүжигчин Эмма Робертс, Хлоя Морец, Германы жүжигчин Том Шиллинг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1922 оны энэ өдөр Гадаадын худалдааны пүүсүүдэд татвар ногдуулах тухай дүрэм баталжээ.
1976 оны энэ өдөр БНМАУ Ангол улстай дипломат харилцаа тогтоов.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:
1947 оны энэ өдөр Парист Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан орнууд болон Гитлерийн Германы холбоотон байсан улсуудын хооронд энхийн гэрээ байгуулжээ. Гэрээ 1947 оны есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэв.
1992 оны энэ өдөр АНУ-ын агаарын цэргийн хүчин тус улсын хүмүүнлэгийн тусламжийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд руу хүргэж эхэлжээ.
1995 оны энэ өдөр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад энх тайван, тогтвортой байдлыг хадгалах санамж бичиг байгуулжээ.
2005 оны энэ өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн яам тус улс цөмийн зэвсэг бүтээснийг анх удаагаа нээлттэй зарлаж байв.
2006 оны энэ өдөр Туринд өвлийн XX олимпын нээлт болов.
Энэ өдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.
Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )