Дэлхийг тойрон галт тэргээр аялах шиг сайхан зүйл гэж үгүй. Харамсалтай нь, далай тэнгис гээд дэлхийг бүтэн тойрч чадахгүй ч Лиссабоноос Сингапур хүртэл галт тэргээр явж чадах боллоо. Гэхдээ 18,5 мянган км замыг 21 хонож туулна. Үүнийг одоогоор дэлхийд хамгийн урт төмөр замын маршрут гэж нэрлээд байгаа юм.
Саяхан Лаост 414 км төмөр зам барьж дуусгаснаар энэхүү маршрут ашиглалтад орсон гэхэд болно.
Шинэ аялал Португал, Испани, Франц, Герман, ОХУ, Монгол, Хятад, Лаос, Таиланд, Вьетнам, Камбож, Малайз, Сингапур гэсэн дэлхийн 13 орноор дайран өнгөрнө.
Аялал Португалын Лагуш хотоос эхэлнэ. Лиссабонд очоод Мадрид орох галт тэргэнд сууж, дараа нь Парис орно. Энэ маршрутаар ганцхан галт тэргээр аялаад байх боломжгүй. Зарим хотод галт тэргээ сольж, зарим улсад дараагийн галт тэргээ хүлээн хонох хэрэг ч гарна. Зарим газар хурдан галт тэрэг хөлөглөж, зарим нутагт орон нутгийн поезд ашиглана. Хэдий ийм хүндрэлүүд бий ч шинжээчид дэлхийн хамгийн урт төмөр замын аялал жуулчдын анхаарлыг ихэд татна гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )