Оюутолгойн олонлиг

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 10

Оюутолгойн  романс үргэлжилсээр байна. Хонин жилийн хамгийн сайн мэдээ, бас хамгийн ихээр  итгэл эргэлзээ авчирсан сэдэв гэвэл энэ. Тус уурхайн хоёр дахь  шатны төслийн Дубайд үзэглэсэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний эргэн тойронд олон улс төрч цам харайж байна. Нэг хэсэг нь энэ гэрээтэй холбогдуулан  Ерөнхий сайдын хоёр хөлийг гозолзуулах нь зөв гэж байна. Дубайн дуулиан Ч.Сайханбилэгийн суудлыг ганхуулж,  бас нэг хэсэгт нь  эх орончоо илэрхийлэх боломж олгож байна.  Ямартай ч “амьдрал” үргэлжилж байгаагийн шинж байх. 

УИХ дахь  “Шударга ёс” бүлгээс мэдэгдэл гаргаж  энэ гэрээг засч залруулах  14 хоногийн хугацаатай үүрэг өгөөд байгаа. Гэвч жингийн цуваа явж л байна,  жингэр нохой хуцаж л байдаг гэдгээр асуудалд хандаж байх шиг, таг чиг  хэвээрээ.  Гэхдээ энэ зуур Оюутолгойн далд  уурхайн галт тэрэг хэдийнэ хөдөлчихсөн нь анзаарагдаж эхэллээ.

Өчигдөр Оюутолгой компани 30 сая ам.долларынхаа  татварыг төлсөн гэх мэдээлэл цацагдлаа. Энэ бол мөнөөх манай татварынхны тавьсан 130 саяас хүлээн зөвшөөрөгдсөн 30 саяын төлбөр юм. Энэ мөнгө өнгөрсөн долоо хоногт улсын төсөвт орж иржээ. Түүнчлэн далд уурхайн хөрөнгө санхүүгийн асуудал яригдаад эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Хэд хэдэн санхүүжүүлэгчтэй яриа хэлцэл эхэлсэн гэж байна.  Оюутолгой шиг алт зэсийн үлэмж нөөцтэй ордын хувьд далд уурхайд шаардлагатай 7 тэрбум орчим ам.долларыг олон улсын зах зээлээс босгоно гэдэг бас ч тийм хүндрэлтэй асуудал биш байх.

Оюутолгойтой зэрэгцэн Монгол Улсын олон улсын нэр хүнд дээшилж, хөрөнгө оруулахад таатай дэлхийн 84 орны нэгээр нэрлэгдэв. Далд уурхайн зөвшилцөлийг дагалдаж ирж буй сайн мэдээнүүд цаана нь бас бий.

Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах нийт 9 тэрбум ам.доллараас 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдэнэ. Эхний ээлжинд 1700 хүнийг ажлын байраар хангаж, орон нутгийн компаниудтай хамтран ажилласнаар тус төслийн ашиг орлогыг гурав дахин нэмэгдүүлнэ гэж тооцож буй. 

 Монголын талын хүртэх ашиг 34 бус харин 23-24 хувь. Учир нь  Оюутолгой “Антра гоулд” компаниатай ашгаа 30:70 харьцаагаар хуваахаар тохирсон. Тиймээс Монголын тал Оюутолгойд ногдож байгаа 70 хувиас нь ногдох 34 хувийн ашгаа хүртэнэ. 

 

Гэхдээ энэ бүхэн бол Оюутолгойн олонлигийн нэг тал. Амьдрал дээр бол асуудлын эргэн тойронд аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж салгахад бэрх  олон санаа бодол, баталгаа нотолгоо хөвөрч байна.  Тухайлбал, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Оюутолгойн гэрээний талаар нэлээд ноцтой гэмээр баримтуудыг дэлгэлээ.

Сангийн сайд байсны хувьд гэрээний талаархи маш сайн мэдээлэлтэй байгаа энэ хүний үгэнд эргэлзээд байх шалтгаан бас бага. Тэрбээр Монголын талын хүртэх ашгийг 34 бус харин 23-24 хувь гэдгийг баримттайгаар дуулгав.  Тодоуулбал, Оюутолгой компани “Антра голд” гээд компаниатай гэрээ хийхдээ ашгаа 30:70 харьцаагаар хуваахаар тохирсон.  Тиймээс Монголын тал Оюутолгойд ногдож байгаа 70 хувиас нь өөрт ногдох 34 хувийн ашгаа хүртэнэ. Гэтэл дээрхи   “Антра гоулд” -ын бүрэлдэхүүнд нь Оюутолгой, түүний хамааралтай компаниуд байдаг гэнэ. Ашиг орлогоо тараан байрлуулах нэг арга нь энэ байх. Мөн 2009 оноос өмнө “Антра Голд” компанитай хамтарч хайгуул хийсэн 22 сая ам.долларыг манайд хийсэн хөрөнгө оруулалт гээд тооцчихсон байдаг гэнэ. Удирдлагын зардал 38 сая ам.долларыг бас нэмж тооцжээ. Энэ мэтээр монголчуудын үүрэх ачаа, өр зээл чимээгүйхэн нэмэгдээд байдаг аж.

Өөр нэг ноцтой гэмээр асуудал бол Оюутолгой компани тухайн орон нутгийн хөгжилд зориулан “хандивласан”  60 гаруй сая ам.доллараа зээлд тооцчихсон, үүнээс нь хүү бодогдоод явж байдаг гэдгийг тэрбээр дуулгасан.  Оюутолгойтой байгуулсан гэрээ, хөрөнгө оруулалтын  зээлд нийлмэл хүү тооцдог тухай тэрбээр ярьж тайлбарласан. Ингэснээр зээлийн хүү чамгүй өсч байгаа юм байна. Түүнчлэн өөр компанийн барааг өөрийнхөө нэр дээр оруулж ирдэг, мөнгө угаадаг, Лондонд байгаа толгой компанийн зардлыг Монголын хөрөнгө оруулалтад тооцчихсон тохиолдол ч байна гэнэ. “РиоТинто”, “Айвенхоу’’ группын гишүүн компаниудын удирдлагын зардлыг Оюутолгойн зардал дээр нэмж тооцсон байгаа гэжээ.

Өөр нэг ноцтой гэмээр асуудал бол Оюутолгой компани тухайн орон нутгийн хөгжилд зориулан “хандивласан”  60 гаруй сая ам.доллараа зээлд тооцчихсон, үүнээс нь хүү бодогдоод явж байдаг гэнэ.

 

2012 оныг дуустал аваад үзвэл Оюу толгой төсөлд нийтдээ 7.9 тэрбум ам.долларын зардал гарсан. байна. Үүнээс 1.1 тэрбум нь бодит бүтээн байгуулалт болж хувирчээ. Өөрөөр хэлбэл байшин барилга, тоног төхөөрөмж, машин техник, бараа материал болсон гэсэн үг. Цаана үлдэж байгаа 6.8 тэрбум нь удирдлагын зардал буюу цалин хөлсөд зарцуулагдаж менежерүүд нь дэлхийд байхгүй өндөр цалин хүртэж байсан гэдгийг Ч.Улаан мэдээлээд буй.

Түүнчлэн УИХ-ын гишүүн  С.Ганбаатар “Дубайн гэрээгээр 8.1 тэрбум доллараар Монголыг барьцаанд тавьчихсан” гэдгийг ил цагаан хэлж байгаа юм. Тэрбээр мөн хоёр тэрбум доллар хэмээх Монголд орж ирээгүй мөнгийг биднээр хүлээн зөвшөөрүүлж байна гэдгийг нэг бус удаа сануулсан  нь бий.

УИХ-ын гишүүн  С.Ганбаатар “Дубайн гэрээгээр 8.1 тэрбум доллараар Монголыг барьцаанд тавьчихсан” гэдгийг ил цагаан хэлж байгаа юм.

 

Энэ мэтчлэн Оюутолгойг тойрсон асуудал хөвөрч байна. Ямартай ч энэ дундаас тодорч буй буй дүр зураг гэвэл Монголчууд 2040 оноос наана ногдол ашгийн тухай бодох хэрэггүй гэдэг нь тодорхой болж байх шиг байна.

Оюутолгойн маргаан дээр хачир нэмж УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэгийг чуулган завсарласны дараа зохион байгуулна гэдгийг тус байнгын хорооны дарга О.Баасанхүү дуулгаад байна. Асуудал энэ мэтчлэн цааш хөвөрвөл Оюутолгойн олонлиг эцэстээ ээдрээ, эргэлзээ, үл ойлголцол болж үргэлжлэх байх. 

П.Булган

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.115.82) 2025 оны 03 сарын 13

yahaaraa udirdlagiin zardal, tsalin huls ni huruhgu oruulaltad tootsdog um be?

1  |  0
Гантулга(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

Оюу толгойн ил уурхай буюу 20 хувийн нөөцөөс юу ч олоогүй одоо өртэй байгаа бид 20 хувиар нь цавчих төлөвлөгөөний дараа өртэй л үлдэнэ. Гарц нь далд уурхайг ашиглахаас өмнө ил уурхайн үр өгөөжийг нарийвчлан тооцож олонд ил болгох л юм байна.

1  |  0
Top