Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хөтлөх ХУУЛЬ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дарга тодрохоос урьтаж нэгэн хуулийн төсөл хэрэгжиж байна. Монгол улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг яг одоо хэлэлцэж байна. 126 гишүүнтэй парламентын өв болох ёстой, Монгол Улсын хөгжлийг тодорхойлох ёстой энэ тэр гээд гишүүд олон гоё юм ярьж байна л даа. Гэхдээ өнөө цагийн улс төрийн янз байдалтай уялдуулж хэлэлцэж байгааг зайлшгүй дурдах нь зүйтэй. Энэ хууль хэд, хэдэн онцлох заалттай. Ялангуяа УИХ-ын даргыг олонх буюу 64 гишүүн нэр дэвшүүлж сонгоно гэдэг нэг заалт байна. Хамгийн чухал нь “УИХ-ын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ”, “УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ” гэсэн заалт явж байна. Манайхны сонгож аваад замнаж байгаа парламентын ардчилалтай ихэнх улсад ийм заалт байдаггүй. Учир нь тэртээ тэргүй олонх болоод ялсан намаас тодорсон дарга тухайн хугацаандаа гишүүнчлэлээсээ татгалзсан ч намынх нь үйл ажиллагаа, авир аяг гарж л таарна. Тэгэхээр ёс зүйн дүрэмдээ тусгадаг байх нь. Үйл ажиллагааг аливаа нэг улс төрийн намаас ангид гүйцэтгэнэ гээд заагаад өгчихөөр ёс зүйн хайрцагт орно гэсэн үг л дээ. Яг манай одоогийн улс төрд түр түдгэлзсэн байна уу, үгүй байна уу хамаа алга. Тухайн намын улс төрийн эрх мэдэл юун дээр хэлхэлдэж байгаагаас шалтгаалж улс төрийн амьдрал өрнөнө. Яг одоо бол эрх мэдлийн цулбуурыг атгах гэсэн хүсэлтэй олон субъект байгаа учраас улс төрийн хямралын хэмжээнд хүрээд байгаа юм.

Гол нь цүүндээ биш ээ гэдэг шиг явж, явж Монгол Улсын их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хөтөлж мэднэ!!!

Намаасаа түдгэлздэг жишгийг харвал У.Хүрэлсүхийг хар. Ерөнхийлөгч болоод намаасаа түдгэлзсэн. Гэтэл яасан.  “Саша тосгоноос явсан ч, тосгон Сашагаас явсангүй” гэлээ гэдэг шиг У.Хүрэлсүх МАН-ын дотоод улс төрд оролцсон хэвээр л байна. Үүний тод жишээ нь Г.Занданшатарын Засгийн газар огцроход, Д.Амарбаясгалан шөнө дүл хүртэл Ерөнхийлөгчтэй уулзсан явдал юм. Яг одоо нам нь таван тийшээ хараад суухад Ерөнхийлөгчийн гүйцэтгэсэн үүрэг чамгүй их юм шүү. Энэ процессоос харвал УИХ-ын дарга түдгэлзлээ гээд нэр төдий байх нь л харагдаж байна. Тэгээд хамгийн чухал нэг зүйл байгаа нь хоёр дэд дарга яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэртээ тэргүй чуулганы хуралдаан олонх, сөрөг хүчин гэсэн хоёр талд өрнөнө. Парламентын мэтгэлцээний зарчмаар асуудал хэлэлцэнэ. Хурал даргалагч энэ тохиолдолд мэтгэлцээний зохицуулагчийн үүрэг хүлээнэ. Уг нь манайхаас бусад оронд бол заавал хуульгүйгээр тухайн даргын бүрэн эрхийг нь тодорхой болгоход л хангалттай зүйл л дээ. Цаашид тэртээ тэргүй үнэмлэхүй олонх магадлал бага. Олон намын тогтолцоо хангагдана. Яг энэ цаг үед “намын гишүүнчлэлээс татгалзана” гэдэг хатуу заалт байх нь хэр зөв бэ гэдгийг олон талаас ярилцаж байж шийдэх ёстой.

Намаасаа түдгэлздэг жишгээр бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хар. Үнэхээр түдгэлзсэн бол намынхаа улс төрд орж намаа таван тийш нь харуулахгүй байлаа.

Гол нь цүүндээ биш ээ гэдэг шиг Монгол улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль явж, явж Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хөтөлж мэдэхээр байна. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлсэн үгнээс харж болно. “Өнгөрсөн жил Английн парламентын үйл ажиллагаатай танилцаад энэ санаа орж ирсэн” гэж. Тэгэхээр энэ агуулга бол одоо хэлэлцэж буй хуулийн төсөл нь Англо-Саксон хэв шинжтэй байх нь. Гэтэл манай хууль, эрх зүйн тогтолцоо эх газрын тогтолцоотой. Хуулийн хийдэл, хуулийн цоорхой гарах нь ээ дээ. Үүнийгээ дагавал нэгэнт сонгодог парламентын зарчмаа хадгалъя гэж байгаа бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог жишиг рүү замнах ёстой болж таарна. Явж, явж нэгдүгээр хүний эрх ашиг хөндөгдөх учраас дахин зургаан жил энэ суудалдаа суух битүүхэн хүсэл байж л байгаа. Ардчилсан намын акц том зургаараа УИХ-ын дархлааг хангаж байгаа мэт  харагдах ч, жижиг эрх ашиг, ойрын зайн улс төрөөр харвал Үндсэн хуулиа өөрчлөөд, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох агуулга руу л хөтөлж таарч байна...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top