XIX зууны хуулиа өөрчилж, салсан хосуудад хамтдаа хүүхдээ асрах боломж олгожээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японд салсан хосууд хүүхдүүдээ хамтдаа асран хамгаалах боломжтой болжээ. Үүнээс өмнө Япон улс нь Их 7 бүлгээс хамтарч асрах гэсэн эрх зүйн ойлголтыг хүлээн зөвшөөрдөггүй байсан цорын ганц орон байна.

Гэрлэлтийн асуудлыг XIX зууны сүүлээр баталсан иргэний хуулиар зохицуулдаг бөгөөд хүүхдийн хүмүүжилтэй холбоотой асуудлыг зохицуулсан хуульд томоохон өөрчлөлт ороогүй байна. Хуулиар салсан хосуудын зөвхөн нэг нь, гол төлөв эх нь хүүхдээ асран хамгаалах эрхээ хадгалж үлддэг байжээ.

XIX зууны иргэний хуульд оруулсан өөрчлөлтөөр салсны дараа хүүхэдтэй хамт амьдарч байгаа эцэг, эхийн нэг нь сард 20 мянган иений тэтгэмж авах эрхтэй.

Хууль өөрчлөлт орсноор асран хамгаалах эрхээ алдсан эцэг, эх хүүхдээ хулгайлдаг байсан хэрэг буурна гэж найдаж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд дуулиан тарьж байсан ийм төрлийн хэргүүд гарч байжээ. Ялангуяа, Японы иргэнтэй гэр бүл болж байсан гаднын иргэд ийм хэрэгт холбогдох нь элбэг байсан аж. Үүнтэй зэрэгцэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүд энэхүү өөрчлөлтөд сэтгэл хангалуун бус буйгаа илэрхийлжээ.

Guardian хэвлэлийн мэдээллээр, Японд жилд 200 мянган хүүхэд гэр бүл салалттай нүүр тулдаг байна. 2021 оны санал асуулгаас үзвэл, эцэг, эх нь салсан хүүхдүүдийн гуравны нэг нь асран хамгаалах эрхээ алдсан эцэг эсвэл эхтэйгээ холбоогүй болдог байна. Японы эрүүл мэндийн яамны мэдээллээр, гэр бүл салалтын нийт тохиолдлын 85 хувьд хүүхдийг асран хамгаалах эрхийг эхэд нь олгосон байдаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top