“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө. Тус төвийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан нар оролцлоо. Энэ үеэр талууд санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд ахмад настнуудын эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цаашид энэ чиглэлээр барилга байгууламж, ногоон төгөл байгуулж, хөгжүүлэхээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ажиа гэгээнтэн сүсэгтэн олон, өглөгийн эздийн хамтаар Монгол Улсад, Улаанбаатар хотын ахмадуудад энэ төвийг байгуулан өгч байгаад талархсанаа илэрхийлье. Бид үргэлжлүүлэн энэ хашаанд ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөөд байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвийн хажууд спортын төв барина. Ахмадын төв тогтмол үйл ажиллагаатай байж, Улаанбаатар хотын 204 хорооны ахмадуудад сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг төдийгүй ажлын байрны туслалцаа үзүүлж байгаасай гэж хүсэж байна. Төвийг тасралтгүй үйл ажиллагаатай байлгах үүргийг нийслэлийн албан тушаалтнууд хүлээж байгаа юм. Удахгүй төвийн үйл ажиллагаа жигдэрнэ. Нийслэлийн хороодын ахмадын зөвлөлүүдэд төвөө танилцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид дөрөвдүгээр сард багтан “Трамвай” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулна. Трамвайн эцсийн буудал ахмадын төвийн ойролцоо автобусны буудлын хойно байрлана. Шинэ нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтад орсноор тус төвд ахмадууд, илүү хялбар, хурдан ирэх боломжтой болно” гэлээ.
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан “Ахмадуудад буян болохоор энэ өдөр өнжүүлэх төвийг барьсан. Өндөр өнжүүлэх төвдөө ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна. Үргэлжлүүлэн хашаанд нь мод, зүлэг тарьж, ногоон байгууламж хийнэ” гэв.



Сэтгэгдэл ( 0 )