АНУ Ираны амин чухал объектуудад цохилт өгч байгаа нь Ираны ард түмний эсрэг чиглэсэн цэргийн гэмт хэрэг юм гэж Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан америкчуудад хандсан ил захидалдаа мэдэгджээ.
Ираны ард түмэн америкчууд, европчууд эсвэл хөрш зэргэлдээх орны иргэдэд дайсагнаагүй. Ираны зүгээс Персийн булангийн орнуудад өгч буй цохилтууд нь хууль ёсны өөрийгөө батлан хамгаалах эрх дээр суурилсан хариу үйлдэл юм. АНУ-ын цэргийн ажиллагаа нь түрэмгийлэл бөгөөд амин чухал дэд бүтцэд өгч буй цохилтууд нь Ираны энгийн иргэдийн эсрэг үйлдэж буй цэргийн гэмт хэрэг. Вашингтоны эл үйлдэл нь дэлхий дахинд тогтвортой байдлыг алдагдуулж, хүний бөгөөд эдийн засгийн хохирлыг нэмэгдүүлж, хурцадмал байдлын мөчлөгийг бэхжүүлж байна гэж ил захидалд онцолжээ.
Тегеран яриа хэлэлцээ хийх сонирхолтой байсан бөгөөд тохиролцоонд хүрч, үүргээ биелүүлсэн ч АНУ дипломат арга замыг бус мөргөлдөөнийг сонголоо. Вашингтоны энэ шийдвэр нь дарамт шахалт үзүүлэх, цэргийн ноёрхлоо бэхжүүлэх, зэвсэг үйлдвэрлэлээ дэмжих, стратегийн чухал зах зээлийг хяналтдаа авах зорилготой.
АНУ нь палестинчуудын эсрэг үйлдэж буй гэмт хэргүүдээсээ дэлхийн анхаарлыг сарниулах үүднээс “Ираны заналхийлэл”-ийг бий болгосон Израилын утсан хүүхэлдэй болж, дайнд оролцож байна гэж Пезешкиан ил захидалдаа онцолсон байна.
Тэрбээр Ираны эрх баригчид Исламын Бүгд Найрамдах улс дахин цохилтод өртөхгүй гэсэн нөхцөлтэй АНУ, Израилтай хийж буй дайныг зогсооход бэлэн гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )