Монголын онцлогт нийцсэн техник, технологи нутагшуулахад мэргэжлийн зөвлөгөө өгнө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Шинжлэх ухаан-Үйлдвэрлэл-Технологи” бага чуулганы хэлэлцүүлгийн хуралдааныг Эрдэнэт хотод зохион байгуулж байна. Энэхүү хуралд эрдэмтэн судлаачид, зөвлөх, мэргэшсэн инженер техникийн ажилтнууд оролцож, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцэж байгаа юм.

Хурлын үеэр Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор (Ph.D) Г.Ёндон, ШУТИС-ийн Ректор, доктор (Ph.D), профессор Т.Намнан нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, судалгаа, хөгжүүлэлтийн үр дүн, оюуны өмч, шинжлэх ухааны мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэвшилтэт техник, технологи дамжуулах, инновацыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн Монгол орны онцлогт нийцсэн техник, технологи нутагшуулахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, дотоодын түүхий эдэд суурилсан, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг хөгжүүлэх, холбогдох судалгаа, туршилтыг хамтран хэрэгжүүлэхээр болов. Түүнээс гадна байгалийн нөөцийг зохистой, үр өгөөжтэй ашиглах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгальд ээлтэй, нөөц хэмнэлттэй, хаягдал багатай үйлдвэрлэлийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санамж бичиг ийнхүү үзэглэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top