Газрын тосны бичил үйлдвэр байгуулах гарц хайя

2 цагийн өмнө

Дэлхий доргиж, улс орнуудын эдийн засагт, тэр дундаа эрчим хүч, түлш шатахууны салбарт дайны сүүдэр тусаж буй энэ үед гагц монголчууд л энэ бүхнийг умартаж, улстөржилт дунд мансуурч, бүлэглэл хооронд сайдын суудал, УИХ-ын даргын сэнтий булаалдаж цөөнгүй хонолоо. Иран, түүнийг тойрсон орнуудад үүсээд буй нөхцөл байдал ойрын үед нааштай шийдэгдэнэ гэх найдлага тааруу. Брент /Brent/ түүхий нефтийн үнэ энэ 2026 онд дээд цэгтээ тулж 120 ам.долларт хүрчээ. Хэрэв 150 ам.долларт хүрвэл дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэнэ хэмээн гадаад эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ дөрөвдүгээр сарын эхний өдөр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор энэхүү нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Ерөнхий сайд Н.Учрал тус байнгын хорооны хуралд хийсэн танилцуулгадаа “Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1385, Евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1410, Евро-5 Аи-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1206, Аи-95 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1176, Аи-98 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1226 ам.доллар болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн Аи-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200 төгрөг , Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, Евро-5 Аи-92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, Аи-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна” гэсэн юм. Дэлхийн зах зээл дээр Брент тосны үнэ 200 ам.доллар хүрэхэд Монголд нэг литр түлшний үнэ 9000 төгрөг болох бодит тооцоо байна гэдгийг ч Төсвийн байнгын хорооны хурал дээр гишүүд ярилцав. Үүнийг сонссон жирийн иргэд “Хэрэв тэгвэл авто машин хэрэглэх ямар ч боломжгүй болно” хэмээцгээж байгаа юм. Үүнийг дагаад хүнс, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тэнгэрт тулах нь мэдээж.

Хэдийгээр ОХУ Монгол Улсад шатахууны хязгаарлалт тавихгүй гэж буй ч газрын тос боловсруулах үйлдвэрүүд нь удаа дараалан дроны халдлагад өртөж буй тул шатахуунаар тасралтгүй хангана гэж найдаж харж боломгүй. Энэ ч учраас тус байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Учрал танилцуулга хийхдээ “Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомсдол үүсэж болзошгүй юм” хэмээж байсан юм.

Хэрэв Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ 80 мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэх ажээ. Гэтэл өнөөдрийн байдлаар “Чингис хаан” нисэх онгоцны буудлын агаарын түлшний хэрэглээ энэ хэмжээнээс давжээ. Иймд авиа компаниуд түлш нийлүүлэгчийг сонгохдоо үнийн өртгийг харгалзахаар болжээ. Энэ талаар ОХУ-ын “Роснефть” компанийн итгэмжлэгдсэн компанитай санамж бичиг байгуулж, түүнд Монголд газрын тос боловсруулах үйлдвэр баригдсан тохиолдолд дотоодын авиа компаниуд 100 хувь тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч борлуулах, хэрэглээ илүү гарсан тохиолдолд “Роснефть” компани нийлүүлэх талаар  зүйл, заалт тусгажээ.  

Гэвч өнөөгийн нөхцөлд, ойрын үед Монголд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орно гэж найдахад бас л эрт байна. Тэгвэл дэлхий нийтээр шатахууны хүрэлцээ дутмаг болж буй энэ үед улс орнууд өөр өөрийн арга хэмжээг авч эхэлжээ. Өмнөд хөрш БНХАУ-д газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрүүдээс гадна бага оврын жижиг үйлдвэрүүд ажиллаж, ойр тойрныхоо хэрэгцээг хангадаг болжээ. Бичил эдгээр үйлдвэр нь “данх” буюу “teapot” гэдэг “өхөөрдсөн” нэртэй. Данханд цай буцалгаж буй мэт л түүхий нефтийг бага багаар нэрдэг хэрэг л дээ. Гэхдээ “Чамлахаар чанга атга” гэдэг дээ. Эдгээр жижиг үйлдвэрүүд нефтийн орд түшиглэн хямд түүхий тос авч, түүнийгээ боловсруулж хөрш мужууддаа шатахуун, дизель түлш нийлүүлдэг байна. Шаньдун мужид ажилладаг бичил үйлдвэрүүд гэхэд Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн чамгүй хэсгийг бүрдүүлдэг гэнэ билээ. Тэр хэрээрээ Хятадын эдийн засгийг тогтвортой байлгахад хувь нэмрээ оруулсаар байдаг аж.

Монгол Улс ч хөршийн энэхүү жишээг анхаарч, Газрын тос боловсруулах үйлдвэртэй болтлоо энэ хүнд үед БНХАУ-ын ийм технологи оруулж ирээд Тамсагийн газрын тосны ордоо түшиглэн зүүн бүсээ байг гэхэд ганц нэг аймгийн ч болтугай хэрэгцээг хангах бичил үйлдвэрүүд байгуулах арга хэмжээ авах гарц хайж болмоор санагдана. Угаасаа Хятадын компани тэнд газрын тос олзворлож өмнөд хөрш рүү гаргаж байгаа. Зөрүүлээд тэндээс газрын тосны бичил үйлдвэрийн технологи авч нэвтрүүлээд Хятадаас мэргэжилтэн урьж ирүүлэн ажиллуулахад болохгүй зүйлгүй санагдана. Цагийн байдал нэмж хүндрэхээс урьтаж ухаан, арга сүвэгчилж л байхгүй бол дайн ужгирвал “Ниргэсэн хойно нь хашгирав” гэдгээс ч дор байдалд тулж магадгүй.  Өмнөд хөршийн жишгээр газрын тосны бичил үйлдвэр байгуулах гарц хайх нь өнөө цагт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд бага боловч нэмэртэй байж мэдэх юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байгал (103.57.93.36) 13 минутын өмнө

Төрөөс сайн дэмжээд өгөөсэй билээ

0  |  0
Ха(124.158.108.94) 43 минутын өмнө

Оросыг, Зевлелт улсын буян Монголд их шуу. Доройтол, ядуурлыг 100 жил Монголд тулгасны гавьяа нь одоо гарч байгаа. Асуудлыг еер замаар шийдэх чадваргуй юмнуудыг тер, засгаар хурдан зайлуулахгуй бол улам л доройтно.

0  |  0
Top