Спортын менежментийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын спортын салбарын байгууллагууд, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургууль, Монголын Спортын корпорацийн дэргэдэх "СПОК" академи хамтран спортын салбарын ирээдүйн мэргэжилтэн, удирдах түвшний боловсон хүчнийг бэлтгэх гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэх гэж байна.

Хөтөлбөрийн зорилго нь спортын холбоо, клуб, спортын бизнесийн байгууллагуудын өсөн нэмэгдэж буй хүний нөөцийн хэрэгцээг хангах, мэргэжлийн ур чадвартай, шинэ үеийн спортын менежерүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах явдал юм.

Тус хөтөлбөр нь арга зүй, спортын менежментийн мэргэжлийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр бөгөөд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн намрын элсэлтээс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийн хүрээнд академик сургалтыг спортын салбарын бодит орчин, практик туршлагатай уялдуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг хамтын ажиллагаа нь Монгол Улсад спортын менежментийн мэргэжлийн боловсролыг системтэй хөгжүүлэх, боловсрол болон спортын салбарын уялдаа холбоог шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой эхлэл болж байна.

Спортын менежментийн бакалаврын хөтөлбөртэй болсноор оюутнууд сургалтын бүрэн тэтгэлгээс гадна олон өгөөж хүртэнэ. Дөрвөн жилийн дараа 20 мэргэжилтэн дадлага, англи хэл, мэргэжлийн дипломтой болж, ажлын байранд гарна. Мөн шилдэг төгсөгчийг 100 хувийн тэтгэлгээр гадаад улсад магистрын хөтөлбөрт сургах боломжтойг хөтөлбөр хэрэгжүүлэгчид онцолсон. 

Холбоод, бизнесийн байгууллагууд, мэргэжлийн клубууд манай энэ хөтөлбөрөөр дамжуулан хүний нөөцийн асуудлаа шийдэх боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top