ОХУ-ын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Росатом” төрийн өмчит корпорацын ерөнхий захирал Алексей Лихачёв гурван харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Эхний санамж бичгийг БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний агентлагтай байгуулсан бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарын хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэхэд чиглэжээ. Энэхүү баримт бичиг нь цөмийн салбарын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр шилдэг туршлага, практик солилцох, хүний нөөцийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн хоёр улсын салбарын залуучууд болон эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг тусгасан байна.
Баримт бичигт “Росатом”-ын ерөнхий захирал Алексей Лихачёв болон БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Шань Чжундэ нар гарын үсэг зуржээ.
“Росатом” мөн БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамтай санамж бичиг байгуулсан. Уг баримт бичиг удирдагддаг халуун цөмийн нэгдлийн салбар дахь шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хамарч байна. Орос, Хятад улс энэхүү чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч орнууд бөгөөд үндэсний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мөн олон улсын ITER төсөлд хамтран оролцож байна. Баримт бичигт “Росатом”-ын ерөнхий захирал Алексей Лихачёв болон БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Инь Хэцзюнь нар гарын үсэг зурсан байна.
Мөн тус корпорц Хятадын Шинжлэх ухааны академитай санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт удирдагддаг халуун цөмийн нэгдлээс гадна цөмийн анагаах ухаан, хурдасгуурын технологи, шинэ фотон болон квант технологийн чиглэлүүд багтсан бөгөөд эдгээр салбарт Орос, Хятад улс ихээхэн дэвшил гаргаад байгаа билээ Баримт бичигт “Росатом”-ын ерөнхий захирал Алексей Лихачёв болон Хятадын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Хоу Цзяньго нар гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл ( 0 )