В.Путины айлчлал: “Сибирийн хүч 2” төслийн товыг тохиролцож чадсангүй

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

Их гүрний ноёрхол байх учиргүй бөгөөд хориглох ёстой гэж ОХУ-ын Владимир Путины БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгээр гаргасан тунхагт тодорхойлжээ. Айлчлалын хүрээнд нийт 40 гэрээ, хэлэлцээр байгуулав.

Нэг туйлт дэлхийн төгсгөл

ОХУ-ын БНХАУ-д хийсэн 25 дахь удаагийн айлчлалаар бодлогын хоёр баримт бичиг мөн гаргалаа. Хамтарсан мэдэгдэл эрчим хүчнээс авхуулаад сансар судлал гээд хоёр талын хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарчээ. Анхаарлын төвд Олон туйлт дэлхийн дэг журмыг бүрэлдүүлэн хөгжүүлэх тухай тунхаг бичиг орж байна. Дэлхийн зарим улс орны дэлхий дахины хэргийг ганцаар эрхлэн, захирах оролдлого бүтэлгүйтэв гэж баримт бичигт онцолсон байна. Олон улсын харилцааны тогтолцоо олон төвт тогтоолцоо руу шилжиж байна. Ази, Африк, Латин Америк болон бүс нутгийн нэгдлүүд шинэ бодит байдлыг бүтээж байна гэж баримт бичигт дурджээ.

Тунхаг бичиг дөрвөн гол зарчмыг тодорхойлсон. Дэлхий дахинд нэгдүгээр зэргийн орон гэж байхгүй бөгөөд хөгжлийн универсал замнал гэж үгүй. Хоёрт, нэг улсын аюулгүй байдал нөгөө улсын аюулгүй байдлын үнэ цэнээр хангагдах учиргүй. Тиймээс цэргийн эвсэл, дайныг бусдын гараар өргөжүүлэх нь байж боломгүй явдал. Гуравт, явцуу хүрээний боловсруулсан дүрэм олон улсын эрх зүйг орлохгүй. Дөрөвт, бүх соёл иргэншлүүд эрх тэгш бөгөөд хүний эрхийг бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зорилгоор ашиглаж болохгүй гэж тунхагласан байна.

Олон улсын эмх замбараагүй нөхцөл байдалд нэг талыг баримталсан, дээрэнгүй үзэл ноёрхож байгаа нь ажиглагдаж байна. Дэлхийн гол их гүрнүүдийн хувьд Хятад, Орос улс нь урт хугацааны эрх ашгийг харгалзан үзэж, дэлхийн засаглалын илүү шударга, ухаалаг тогтолцоог цогцлоох учиртай гэж Ши Жиньпин мэдэгдсэн. Бүх оролцогчдын тэнцвэртэй эрх ашигт суурилсан олон туйлт дэлхийн тогтолцоо бүрэлдэх нарийн үйл явц болж байна гэж В.Путин мөн онцолжээ.

Санхүүгийн тусгаар байдал ба худалдааны эргэлтийн өсөлт

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар худалдааны эргэлт 20 хувиар өссөн. Ийм үр дүнд хүрэхэд хялбар байгаагүй гэж Ши Жиньпин хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр, хамгийн гол нь тоо бус харин бүтэц.

Орос, Хятадын экспорт, импортын бараг бүх гүйлгээнүүд рубль, юаниар хийгдэж буйг В.Путин онцлон тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл, гаднын нөлөө болон дэлхийн зах зээлийн сөрөг хандлагаас хамгаалагдсан хоёр талын худалдааны тогтвортой тогтолцоо бүрэлдээд байна.

Айлчлалын үеэр мөн харилцан визгүй зочлох журмыг сунгаж, Өвөр Байгаль-Манжурын чиглэлийн төмөр замын хоёрдох замыг барих тохиролцоонд хүрчээ. Ингэснээр, 2030 он гэхэд нэвтрүүлэх чадвар нь 11 сая тоннд хүрч, хоногт 50 хос галт тэрэг солилцох боломжтой болох аж. Орос улс Хятадын зах зээлд малын тэжээл нийлүүлэх эрхтэй болжээ.

Эрчим хүчний салбар хоёр талын хамтын ажиллагааны зүтгүүр хэвээр байна. “Сибирийн хүч 2” хийн хоолойн төслийн яриа хэлэлцээ эцсийн шатандаа ороод байгаа бөгөөд баримт бичгүүдийг эцэслэхээр ажиллаж байна гэж ОХУ-ын шадар сайд Александр Новак мэдэгджээ.

Талууд мөн сансар, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, программ хангамжийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцоонд хүрсэн байна.

Тайвань, Украин болон бүс нутгийн хөндүүр сэдвүүд

Талууд улс төрийн хөндүүр сэдвүүдээр харилцан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. ОХУ Нэг Хятад зарчмыг дэмжсээр байхаа илэрхийлж, Тайванийн тусгаар тогтнолын ямар ч хэлбэрийг шийдэмгий эсэргүүцэхээ мэдэгджээ. Хятадын дотоод бодлогод хөндлөнгөөс оролцох нь Тайванийн хоолойн энх тайван, аюулгүй байдлыг ганхуулж байна гэж хамтарсан мэдэгдэлд талууд онцолжээ.

Украины хямралын асуудалд Бээжин бодитой байр суурь баримталж буйг Москва үнэлэв.

Талууд мөн АНУ, Израилын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг буруушааж, Япон дахин цэрэгжиж, цөмийн материал тус улсад хуримтлагдаж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Ши Жиньпин, В.Путин нар БНАСАУ-ыг олон улсын тавцанд тусгаарлах, НАТО-г Ази, Номхон далайн бүс нутагт өргөжүүлэхийн эсрэг байр суурийг мөн илэрхийлсэн байна.

Стратегийн тогтвортой байдлын асуудалд талууд онцгой анхаарал хандуулсан байна. Талууд АНУ-ын “Алтан дээвэр” төслийг шүүмжилж, энэ нь сансарт мөргөлдөөн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзэв. Москва, Бээжин нь дэлхий орчмын орон зайд аливаа төрлийн зэвсгийг байрлуулахын эсрэг буйгаа илэрхийлжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2027 онд Москвад хариу айлчлал хийхээр тохиролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top