Н.Учралын УЯНГА

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Энэ хавар хачин их уянгатай байна. Гэхдээ таны төсөөлж байгаа шиг романтизмын уянга биш шүү. Улс төрийн янз байдал, улстөрчдийнх нь ааш аяг л уянгатай байгааг хэлээд байгаа юм. Ах нарынхаа зодооны тоосонд пургисаар засгийн жолоо атгасан Н.Учралын уянга нь арай дэндлээ. Төрийн албаныхан тайлан хийхгүй гэнэ, хяналт шалгалт хийхгүй гэнэ, зайнаас ажиллана гэнэ, хиймэл оюуны туслахтай болгоно гэнэ, бүр бүгдийг чөлөөлнө гэнэ. Гэнэ гэдэг үүгээр дуусахгүй цааш үргэлжилнэ. Өмнө нь мега төсөл гэж ангайлгаад, гэмт хэргээр айлгаад, авч хураана гэж хашраадаг байсан засаг өдгөө ээ гэгээ минь “төр гай болохоор зай болно” гэж намжирддаг болов. Үгийг харвал уянгатай ч утга нь жаахан өөр л дөө.

Дөнгөж өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд ямар уянгатай мэдээ цацсан гэж санана. Ирэх хичээлийн жилээс эхлээд нэг багш, нэг “Ээе Аая” туслахтай, нэг хүүхэд, нэг “Ээе Аая” багштай болно гэнэ. “Гоё” байгаа биз. Хиймэл оюун бүү хэл дүнгийн тайлан гэж айлгадаг боловсролын салбар гэнэтхэн таван сарын дотор “Ээе Аая” туслахтай болно гэнэ. Тэгээд болоогүй сурагч хүртэл тийм “юм”-тай болох юм байх. Ядахдаа хүүхдүүдэд цэгцтэй мэдээлэл өгөөгүй байж, хиймэл оюуны талаар анхны мэдлэг, мэдээлэл өгөлгүй баахан зодолдсон юм байж хиймэл оюуныг багш, сурагчдад өгөх нь өөрөө хэр үнэмшилтэй болох юм бүү мэд. Ямар ч байсан Хиймэл оюуны бэлэн байдлын судалгаагаар манайх бүс нутагтаа Лаостой дөрөө харшуулан сүүл мушгиж яваа юм даг. Ер нь ч тэгээд хиймэл оюун гэдгийг манайхан үхсэн хүнээр үг хэлүүлэх, эсвэл сармагчнаар яриулах л гэж ойлгодог шиг байгаа юм.

Н.Учрал юу гэж ч уянгалж болно. Гэхдээ төрийн хуультай зөрчилдөхгүй байх ёстой. Ард түмэнд яг одоо бодит дэмжлэг хэрэгтэй байна...

Уянга үүгээр дуусахгүй ээ. Хяналт шалгалтыг чөлөөлнө гэсэн. Уг нь жирийн бизнес эрхлэгчдэд гоё л үг. Гэхдээ хяналт шалгалтын тухай хуульд шалгана аа гээд тусгачихсан байдаг. Н.Учрал гоё үг хэлж болох ч хуулийн заалтыг яалтай билээ. Төрийн албаны ажилчин хүний үг биш хуулийн өгүүлбэрийг л дагана. Ер нь байна аа, хяналт шалгалт хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжих ёстой. Захиргааны шийдвэр ямар ч хууль тогтоомжийг өөрчлөх эрхгүй. Агуулга нь юу вэ гэвэл үнэхээр дэмжих гээд байвал хууль тогтоомжийг хуулийн хүрээнд өөрчил. Өөрчлөөд чухам ямар хяналт шалгалтыг өөрчилсөн бэ гэдгээ нийтэд зарла. Тэгээд зарласнаа албажуул.

Дараачийн уянга бол төрийн албаны ажилчдыг нэг өдөр зайнаас ажиллах боломжоор хангана гэсэн. Тэртээ тэргүй цар тахлын бэрх цагт зайнаас ажиллаад сурсан манайханд түгжээ гэж стресстэж байхаар энэ нь ч амар. Гэхдээ Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдыг зайнаас ажиллуулах тухай шууд зохицуулалт байхгүй. Хууль нь албан хаагчийн эрх зүйн байдал, томилгоо, үүрэг хариуцлага, нийгмийн баталгааг тодорхойлдог боловч ажлын хэлбэр (танхимд эсвэл зайнаас) талаар тусгай заалтгүй.

Төрийн албан хаагчдыг тайлангаас чөлөөлнө гэж уянгалсан. Бас л гоё сонсогдож байгаа биз. Тайлан тооцоо гэж толгойгоо өвтгөхгүй, тэнгэр харж байгаад л үр дүнгээ гаргаад, гар сул цалин авна гэхээр хэнд ч гоё сонсогдоно. Гэвч энэ нь хууль, тогтоомжтой бас л нийцэхгүй. Төрийн албаны тухай хууль болон Санхүүгийн тайлагналын тухай хуульд төрийн байгууллагууд тайлан гаргах, хяналт шалгалтад оролцох үүрэгтэй гэж заасан тул Засгийн газрын шийдвэр нь зөвхөн дотоод зохион байгуулалтын бодлого байж болох ч хуульд өөрчлөлт оруулахгүйгээр бүхэлд нь тайлангийн үүргээс чөлөөлөх боломжгүй.

Н.Учрал үглэдэг "Тимон" байхдаа ч уянгатай байсан. Ямарсайн даа "Чиний л өмнө гунигаа би чинь мартаад..." гээд л уянгалдаггүй юу. Гэхдээ Ерөнхий сайд  түмний өмнө төрийн хуулиа мартталаа уянгалдаггүй юм!

Н.Учралын Засгийн газар хөмсөг зангидаж байгаад л 22000 орчим ААН-ийн дансыг нээнэ гэж хэлсэн. Үнэн гоё. Хэн тэгээд л нүүрсийг вагоноор нь, мөнгийг их наядаар нь “хусдаг” нөхдөд татвар төлөөд л дансаа хаалгаад байхыг хүсэх вэ дээ. Дээрээс нь чуулганы индэр дээрээс хүн амины хэрэг яриад байдаг. Монгол Улсын Татварын тухай хууль, Санхүүгийн тайлагналын тухай хууль, мөн Санхүүгийн зохицуулах хорооны журамд аж ахуйн нэгжүүд данс нээх, тайлагнах үүрэгтэй байдаг тул Засгийн газрын шийдвэр нь эдгээр хуулийн хүрээнд хэрэгжих ёстой. Арай тодорхой тайлбарлая. 22000 орчим данс нээнэ гэж хэлсэн. Хуульд зааснаар ААН бүр данстай байх ёстой. ОК, данстай юм чинь нээж болно. Гэхдээ Засгийн газар данс нээхийг шууд шийдэх эрхтэй юу? Данс нээх нь татвар болон санхүүгийн байгууллагын бүрэн эрх учраас шууд шийдэх эрхгүй. ААН-үүдийг тайлангаас чөлөөлж болох уу, тайлан гаргах нь хуульд заасан үүрэг. Тэгэхээр Н.Учралын уянгатай зөрчилдөх магадлалтай.

Уянга нэг иймэрхүү байна. Тимон байхдаа дуу нь ч уянгатай байлаа. Ямарсайндаа “Чиний л өмнө гунигаа би чинь мартаад...” гээд л уянгалдаггүй юу. Гэхдээ байна аа, Засгийн газрын тэргүүн ардын түмний өмнө төрийн хуулиа мартаж боломгүй л баймаар сан...

 

Уншингаа сонсох дуу: 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О.Билгүүн(202.126.89.153) 2 цагийн өмнө

Энд ямарч уянгалсан юм алга, хийе хэрэгжүүлэе хамтдаа зүтгэцгээе л гэж байншдээ, ингэж харин Уянгалхаа болио Зиндаагийхан минь, явцгүй болцон сэтгүүлчнартай явцгүй сайт болжээ

0  |  0
О.Билгүүн(202.126.89.153) 2 цагийн өмнө

Энд ямарч уянгалсан юм алга, хийе хэрэгжүүлэе хамтдаа зүтгэцгээе л гэж байншдээ, ингэж харин Уянгалхаа болио Зиндаагийхан минь, явцгүй болцон сэтгүүлчнартай явцгүй сайт болжээ

0  |  0
Top