“Монголын сайхан орон-2026” баяр наадмын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн “Монголын сайхан орон-2026” үзэсгэлэн өнөөдөр Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан оролцож, нийт уран бүтээлчид болон наадамчин олонд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэн “Монголын зураач, уран бүтээлчдийн оюун билэг, ур чадвараар бүтсэн энэ үзэсгэлэнгээс эх орныхоо дахин давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэн, нүүдэлчдийн ахуй соёл, монгол хүний язгуур мөн чанарыг тольдон харах боломжтой”-г онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Үзэсгэлэнд монгол орны түүх, аж амьдрал, ахуй соёл, үндэсний бахархлыг уран зураг болон уламжлалт монгол зураг, зураасан зураг, уран баримал зэрэг олон төрлөөр цогцоор нь дүрсэлсэн шилдэг бүтээлүүд дэлгэгдсэн бөгөөд баяр наадмын өдрүүдэд олон нийтэд нээлттэй үйлчилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top