
Монгол Улсын Төрийн далбааны өдөр жил бүрийн 7 дугаар сарын 10, буюу Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр тохиодог бөгөөд 2009 оноос эхлэн тэмдэглэж байна. Энэ өдөр Сүхбаатарын талбайд Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг.
Төрийн далбааны өдөр нь Монголын төр, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэлгэдсэн чухал өдөр юм. Монгол Улс нь Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960, 1992 онуудад шинэчлэн баталсан.
Үндсэн хуулийн 12-р зүйлийн 5 дахь хэсэгт: "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулсан байна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна." гэж заажээ.
Энэ удаагийн Хүндэтгэлийн цэргийн парадад улс орон даяарх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник оролцохоос гадна байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгслийг олон нийтэд үзүүлэх юм.
Мөн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн техник, тоног төхөөрөмж, Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэсэн хуягт болон хөнгөн байлдааны машин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг иргэдэд танилцуулахаар төлөвлөжээ.
Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн цэргийн парад долоодугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Парадын үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид ёслолын жагсаал үйлдэхээс гадна батлан хамгаалах салбарт ашиглагдаж буй орчин үеийн зэвсэг, техник, тусгай зориулалтын хэрэгслийг олон нийтэд танилцуулах юм.






Сэтгэгдэл ( 0 )