Японд хаягдал гоймонгоор цаас хийх технологи боловсруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Кагава их сургуулийн судлаачид хаягдал удон гоймонгоос цаас гаргаж авах технологи боловсруулжээ. Энэхүү материалыг гаргаж авахдаа хаягдал хүнсийг целлюлоз болгон хувиргадаг бичил биетүүдийг ашигласан байна. Целлюлоз нь Японы уламжлалт ваши цаастай төстэй аж.

Эл төслийг Кагава их сургуулийн Хөдөө аж ахуйн тэнхимийн профессор Наотака Танака удирджээ. Кагава мужид хаягдал хүнсийг дахин боловсруулах зорилгоор тус төслийг санаачилсан байна. Кагава муж нь Япон даяар сануки удон гоймонгоороо алдартай бөгөөд гоймонг үйлдвэрлэхэд зарим хэсэг нь ашиглагдахгүй үлдэж, хаягдал болдог байна.

Хаягдал гоймонг нунтаглаж, устай холин улмаар крахмалыг глюкоз болгодог фермент нэмдэг байна. Эл бэлдмэл рүү тусгай бактери хийхэд хэдэн хоногийн дараа целлюлоз хальс үүсдэг бөгөөд хатааснаар цаас гарган авдаг аж.

Судлаачдын ярьснаар, нэг порц удон гоймонгоос А4 хэмжээний 5-10 ширхэг цаас гаргаж авах боломжтой. Тус бүтээгдэхүүнд цаасыг бодвол чийгт тэсвэртэй, амархан урагддаггүй. Ийм төрлийн цаас нь хөрсөнд амархан задардаг аж.

Профессор Танака 16 жилийн өмнөөс судалгааны зорилгоор ийм төрлийн туршилт явуулж эхэлсэн бөгөөд хожим нь технологийг хаягдал хүнсний асуудлыг шийдэх, нутгийн ард иргэдийг дэмжих зорилгоор нэвтрүүлж эхэлжээ.

Өдгөө үйлдвэрлэлийг сайн дурын байгууллагатай хамтран эрхэлж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгоод байна. Тусгай бактери үржүүлэх нөхцөлийг боловсронгуй болгосноор сард 100 ширхэг эко цаас үйлдвэрлэдэг болжээ.

Бэлэн болсон бүтээгдэхүүнийг сурталчилгаа болон гар урлалд ашигладаг. Судлаачид үүнийг загасны өгөөш хийхэд ашиглахаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top