Та буруу уншаагүй ээ. Өрийг өрөөр дарна. Энэ засаг ч биш өмнөх Засгийн газрууд ч ийм бодлого бодож олдог байлаа. Ковидоос өмнөхөн, ковидын дараа ч, дөнгөж жилийн өмнө ч ийм бодлогоор туучиж ирсэн. Тэгэхээр шинэ биш мэдээ байгаа биз.
Г.Занданшатарын Засгийн газар 2026, 2028, 2029 онд хугацаа нь дуусах бондуудыг эргүүлэн худалдан авахын тулд шинэ бонд гаргахаар төлөвлөж байна. Ингэхдээ хугацаа нь зургаан жил байх бөгөөд гаргах үнийн хэмжээ нь одоогоор тодорхойгүй байна. Бонд гаргах үйл ажиллагаанд андеррайтераар “HSBC”, “Morgan Stanley”, “Standard Chartered” банкнууд ажиллаж байгаа аж. Хэрэв энэ бонд зах зээлээс хангалттай хөрөнгө татан төвлөрүүлж чадвал 2026 оны бондыг эргүүлэн төлөх бөгөөд нэмэлт өрийн зохицуулалт хийх хүлээлттэй байна.
"Сенчири II" бондыг дахин санхүүжүүлснээр 8 сая ам.долларын хүүгийн зардлыг бууруулсан. Өөрөөр хэлбэл өрийн дарамт төдий хэмжээгээр буурсан гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газар 2012 оноос бонд гаргах замаар өрийг өрөөр дарж ирсэн. Хамгийн анх бид Чингис бонд гэж сүрхий нэртэй 1.5 тэрбум ам.долларын арван жилийн хугацаатай бонд гаргасан. Энэ бондоор 2000 мянга орчим төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн гэж тайлагнадаг. Одоогоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан идэвхтэй дөрвөн бонд бий. Нэн тэргүүнд энэ онд хугацаа нь дуусах “Сенчири III” бонд байна. Хэмжээ нь 500 сая ам.доллар, хүү нь 6% орчим. Зорилго нь өрийн дахин санхүүжилт. Энэ бондын хүү нь 6 хувь орчим байгаа нь хөрөнгө оруулагчдын монголд итгэх итгэл өндөр байгааг харуулна. Үүнээс гадна 2028-2031 онд хугацаа нь дуусан “Сенчири IV”, Хүннү болон “Номад” бондын хүү 6.6-6 хувьд хэлбэлзэж байна. Эдгээр бондуудын мөнгөн дүн 1.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй. Заах зээлд шинэ бонд гаргахаар төлөвлөж байгаа нь эдгээр бондуудыг худалдан авах гол зорилготой. Зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын бондуудын ханш он гарснаас хойш харьцангуй тогтвортой байгаа нь бидний хувьд сайн мэдээ.
Дэлхийн санхүүгийн гурван том агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2025 онд ахиулсан. Зээлжих зэрэглэл ахиснаас хойш дахин шинэ бонд гаргах гэж байна. Өнгөрөгч 2025 онд “Сенчири IV” бондыг таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын үнийн дүнтэйгээр гаргасан. Хөрөнгө оруулагчдын захиалга урьдчилан тооцоолсноос 8.2 дахин давсан нь эерэг үзүүлэлт байлаа. Хэрэв одоо дахин бонд гаргавал зээлжих зэрэглэл ахисан учраас үүнээс ч өндөр байх боломжтой.
Өрийг дарах замаар бонд гаргах нь төсвийн дарамт болон хүүг бууруулах, итгэлийг хадгалах, валютын нөөцөө хамгаалах сайн талтай.
Өрийг дахин санхүүжүүлэх зорилгоор бонд гаргах нь өндөр хүүтэй өрийг бууруулах сайн талтай. Хуучин авсан зээл, бондын хүү өндөр байвал шинэ, бага хүүтэй бонд гаргах нь төсвийн дарамтыг багасгах тохиолдол бий. Нөгөөтээгүүр төлбөрийн хугацааг сунгана. Тухайлбал энэ жил хугацаа нь дуусах “Сенчири III” бондын хугацаа зургаан жилээр сунаж байна гэж дүгнэж болно. Зах зээлд итгэлийг алдахгүй тогтоон барих сайн талтай. Өрийг хугацаанд нь төлж дахин санхүүжилт татсанаар олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Төсвийн тогтвортой байдал хангагдана. Өөрөөр хэлбэл нэг дор их хэмжээний өр төлөхгүй, төсөвт дарамт болохгүй гэсэн үг. Дахин бонд гаргах нь валютын нөөцөө хадгалах сайн талтай. Түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн гадаад валютаа өр төлбөрт тавиад туучихгүй гэж ойлгож болно.
Сайн талууд олон бий ч анзаарч харууштай эрсдэл бол бий. Хүү буурахгүй бол дахин санхүүжилт нь төсөвт нэмэлт дарамт үүсгэх эрсдэлтэй. Яг одоогоор 6.6-6 хувьд манай бондуудын хүү хэлбэлзэж буй. Үүнээс илүү өндөр хүүтэй байвал эрсдэл болно. Түүнчлэн өрийн хэмжээ нийт дүнгээрээ өсөж байгааг анзаарах ёстой. Нийт дүнгээрээ өсөж байгаа учраас геополитикийн ээдрээтэй цаг үед шанаанд тулах эрсдэл болно гэдгийг мэдүүштэй. Засгийн газраас гаргасан ийм төрлийн бондууд өрийг бүтцийг сайжруулж, хүүгийн дарамтыг бууруулж, төлбөрийн хугацааг сунгаад зогсохгүй, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн практик ач холбогдолтой байсныг дурдах нь зүйтэй. Хэд, хэдэн жишээ дурдъя. Тухайлбал 2017 онд гаргасан “Сенчири II” бондын хэмжээ нь 800 сая ам.доллар, хүү нь 8% байлаа. Дахин санхүүжилт хийснээр хүү нь 7% болж буураад 8 сая ам.долларын хүүгийн зардлыг бууруулав. Сүүлд “Сенчири IV” бондыг 2025 онд гаргахад 4.4 сая ам.долларыг хүүгийн зардлаас хэмнээд зогсохгүй, захиалга 8.2 дахин их байсан нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн гэдгийг харуулсан юм.
Өрийн хэмжээ нийт дүнгээрээ өсөж, хүү буурахгүй бол төсөвт ирэх дарамт нэмэгдэх эрсдэлтэй.
Хөгжиж буй орнуудын бондын эрэлт өндөр байгааг “JPMorgan Chase”-н тайланд дурдсан. Хөрөнгө оруулагчид 2025 оны дөрөвдүгээр сараас хойш дээрх орнуудын бондыг худалдаж авахаа нэмэгдүүлсэн. Дээрээс нь Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан. Энэ гурван сайн мэдээтэй байгаа учраас Засгийн газар өрийг өрөөр дарахаар болсон. Цаашид дахиад олон өр биднийг хүлээж байгаа...

Сэтгэгдэл ( 0 )