Молдав улс 2027 онд ТУХН-ээс гарна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Молдав улс 2027 оны дөрөвдүгээр сард Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлөөс албан ёсоор гарах тухай тус улсын Гадаад харилцааны сайд мэдэгдсэн байна. Молдавын Гадаад харилцааны сайд Михай Попсой хэлэхдээ “Молдав улс ТУХН-н гишүүн болох тухай хэлэлцээрийг цуцлах шийдвэр гаргаж Ерөнхийлөгч Майя Сандуд танилцуулсан. Энэ сарын 8-ны өдөр ТУХН-н нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэл илгээсэн байгаа. Ингэснээр 2027 оны дөрөвдүгээр сард манай улс ТУХН-с албан ёсоор гарах төлөвтэй байна” гэжээ.

Молдавын Ерөнхийлөгчөөр Майя Санду 2020 онд сонгогдсоноос хойш ТУХН-с гарах тухай байр суурь илэрхийлэх болсон. Улмаар Европын холбооны интеграцид нэгдэх бодлого баримталж буйгаа албан ёсоор зарласан билээ. Энэ сарын 8-ны өдөр Молдавын Ерөнхийлөгч ТУХН-ийн гол гэрээ болох Хамтын нөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай хууль, Алма-Атагийн тунхагаас албан ёсоор гарах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Одоогоос хоёр жилийн өмнө 2023 оны хоёрдугаар сард Молдавын Засгийн газар ТУХН-ийн 120 гаруй гэрээг цуцлах төлөвлөгөөгөө зарласан билээ.

Хэдийгээр Молдав улс ТУНХ-ээс гарч байгаа ч эдийн засгийн хэд, хэдэн гэрээ, ялангуяа чөлөөт худалдааны хэлэлцээрээс гарахгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top