Яг сарын өмнө дөө. “Зэс эрдэнийн хувь” компанийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэх хэвлэлийн хурал зарласан. Хурал нь эхлэхээс өмнө хэрүүл болсон. Хэрүүл нь намжаагүй тул цагдаа дуудсан. Цагдаа ирээд хэрүүлийг зогсоосон. Зэсэрч талийсан “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид хоёр хуваагджээ. Яг энэ хэвлэлийн хурлын үеэр Орхон аймгийн оршин суугч нэгэн эмэгтэй “Энэ үйлдвэрийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн төлөө биш, харин өөрсдийн ашиг сонирхлын төлөө ашиглаж, дээгүүрээ олигархуудтай нийлж, мөнгө угаасан байж болзошгүй. Одоо ил болох гээд сандарч байна” гэж хэвлэлд учирлаж байв даа. Ингээд жагсаал эхэлсэн. Одоо ч ордны зүүн бөөрөнд жагсаал үргэлжилж байгаа.
“Зэс эрдэнийн хувь”-ийн романтизм 2010 онд эхэлсэн юм. Гэхдээ түүх эхлэхдээ л бөхчихсөн. Итгэх эсэх нь таны эрх ч бодит байдал нь ийм байсан юм. Сүмо тайлбарлаж, Ардчилсан намыг шөвөгдсөн Д.Алтанхуяг гэх этгээд 2010 онд энэ компанийг байгуулсан. Байгуулахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй исэлдсэн хүдрийн овоолгыг боловсруулж, жилдээ 5000 катодын зэс үйлдвэрлэнэ гэж сэнхрүүлээд Эрдэнэтийн 24.5 мянган иргэд хувьцаагаа худалдсан. Худалдахдаа 600 сая төгрөг олоод, “БльюМон” группээс найман тэрбум төгрөгийн хөрөнгө босгож чадсан байгаа юм. Чадахдаа өөртөө шамшигдуулж орхисон. Ингээд “Зэс эрдэнийн хувь” компанийн хувь заяа талийн одож Д.Алтанхуяг нь нам дагаж даргаа тонгороод, залилангийн системээр Эрдэнэтийн жирийн иргэдийг ч тонгорсон юм. Одоог хүртэл түүний хэргийг шүүхээр шийдээгүй байна.
"Зэс эрдэнийн хувь" компанийг сүмо тайлбарлаж, даргаа тонгордог Д.Алтанхуяг иргэдийн "хандив"-аар байгуулж байлаа...
“Зэс эрдэнийн хувь” компани 2013 онд Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймгийн ИТХ-тэй гурвалсан гэрээ байгуулсан. Үүнээс хойш сураг ажиг байхгүй. Ямартаа ч үйл ажиллагаа нь явж байсан болохыг иргэд хэлдэг. Улмаар 2019 оноос үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Үүнээс хойш хоёр жилийн дараа 2021 оноос туршилтын үйлдвэрлэл явуулж, катодын зэс арган авах болов. Ингээд маапаантай түүх эхэлнэ дээ. Туршилтын үйлдвэрлэлээс хойш экспортын бодит хэмжээ, зах зээлд хэрхэн гарсан нь тодорхой бус. Тодорхой бус, татварын өр ширтэй байсан учраас 2025 оны наймдугаар сараас үйл ажиллагааг нь зогсоосон.
Зэсэрч шилэрсэн түүх үүгээр дуусахгүй. Иргэд хотод Барилгачдын талбай дээр жагсаж байхтай зэрэгцээд энэ сарын 3-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн байгууллага “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйлдвэрт гэнэтийн шалгалт хийв. Шалгалтаар үйлдвэрийн хашаанд 400 тонн зэсийг газар ухаж булсан нь илэрсэн. Үнийн дүнгээр тооцвол 18 тэрбум төгрөг булаатай хэвтэж байсан гэсэн үг. Өнгөрсөн жилийн наймдугаар сард үйл ажиллагааг нь зогсоосон гэж дээр дурдсан. Атал 8500 орчим тонн зэсийг хууль зөрчин үйлдвэрлэсэн тухай мэдээлэл хувьцаа эзэмшигчдэд иржээ. Мөнгөн дүн нь 380 тэрбум төгрөг. Зүйрлэвээс Монгол Улсын нэг улирлын ДНБ-ний 1%-тай дүйнэ. Их биш гэж үү. Бас болоогүй “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Х.Мөнхбаатар эхнэрийнхээ дансаар их хэмжээний мөнгө шилжүүлсэн байж болзошгүйг эх сурвалж дурддаг.
Энэ сарын 3-ны өдөр "Зэс эрдэнийн хувь" компанид Орхон аймгийн цагдаагийн байгууллага гэнэтийн шалгалт хийж 18 тэрбум төгрөгтэй дүйх, 400 тонн зэсийг газарт булаатай байсныг илрүүлсэн...
Монгол бол дээрээ хуультай, дэргэдээ төртэй улс. Нүүрсээ вагоноор нь зарж дамладаг улс зэсээ хавтангаар нь газарт булж бултдаг боллоо. Өөр улсад бол эрүүгийн гэмт хэрэг. Манайд бол нэг үзэгдэл байгаад зогсохгүй маапаантай захирал нь жагсаал нэрээр иргэдийг турхирч, зарим талаар улс төрийн акц хийж байна. “Зэс эрдэнийн хувь”-ийн хийж байгаа хулгай дэлхийн бусад улсад ч бий.
Тухайлбал Замбийн жишээ байна. Өнгөрсөн жил тус улсад үзлэг шалгалт явуулахад зэс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван компани олборлолтын хэмжээг зөрүүтэй тайлагнаж, зарим зэсийг хууль бусаар экспортолдог байсан нь илэрсэн. Жил бүр нэг тэрбум ам.долларын хохирол учруулсан нь тогтоогдсон. Энэ нь Замбийн төсвийн орлогын 20%-тай дүйнэ. Түүнчлэн 2013-2015 оны хооронд хоёр жилийн хугацаанд 12.5 тэрбум ам.доллартой дүйх зэсийг хууль бусаар экспортолсон болох нь тогтоогдсон.
Ардчилсан Конго улсад улс төрчдийн авлига ашиг сонирхлын зөрчлөөр лиценз хууль бусаар зардаг. Олборлосон нүүрсээ ямар ч хяналтгүй гадагш нь экспортолдог гэх мэдээ бий. Дэлхийн банкны тооцоогоор жил бүр 400-500 сая ам.долларын алдагдал эх оронд нь учирдаг гэж тооцсон.
Чили улсад яг одоо хяналт шалгалт үргэлжилж байгаа хэрэг бий. Тухайлбал 10 гаруй жижиг компани олборлосон зэсээ албан ёсоор бүртгүүлээгүй гэх дуулиан байна. Татварын албаны тооцоолж буйгаар 200-500 сая ам.долларын хохирол учруулсан. Хэрэг шалгалтын шатанд явж байгаа учраас бодит тооцоолол гарах болоогүй.
Замби, Ардчилсан Конго, Чили улсад зэсийг хууль бусаар экспортолж, олон сая ам.долларын хохирол учруулсныг тогтоож, одоо ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
“Зэс эрдэнийн хувь” байгуулагдахдаа залилангийн маягтай байсан. Д.Алтанхуягийн романтизм өөрийг нь баяжуулснаас компанийг мандан бадраасан юм алга. Уг нь компанийн хүчин чадал нь SX/EW технологиор жилдээ 10 мянган тонн 99.99% агуулгатай катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тооцсон ч олборлолт нь нууц, олборлосон зэс нь газарт булаатай байна...

Сэтгэгдэл ( 0 )