Энэ сайд болохгүй, тэгээд солино. Солихдоо өөрийн тал уу, өрөөлийн тал уу гэдгийг харна. Болохгүй бол солино. Эрх ашиг нэгдвэл мянган алдаа гаргасан ч солигдохгүй. Манай улс төрийн зураглал өнөөдөртөө нэг иймэрхүү байна. Нам хоорондын зөрчил нь яв явсаар институц хоорондын зөрчил болох дээрээ ч тулчихлаа. Дотооддоо зөрчил нэг иймэрхүү байхад дэлхий дахинд тогтсон дэг журам зөрчигдөж эхэллээ. Дэлхий даяар инфляц саарах дүр зураг ажиглагдаж байсан бол одоо яг эсрэгээрээ болчихлоо. Энэ нь Трампын өдөөсөн Ираны дайнтай холбоотой. Газрын тосны үнэ огцом цойлж, алт, мөнгө зэрэг үнэт металлын ханш огцом өссөн нь дэлхийн эдийн засагт савлагаа үүсгэж, тэвдсэн дэлхий одоо бодлогоо эргэн харах гэж байна. Энэ долоо хоногт дэлхийн 21 улсын Төв банк бодлогын хүүгээ өөрчилнө.
Дөнгөж саяхан даа. Засгийн газар шинэ бонд гаргасан тухай мэдээ хэвлэлээр битүү “нүдэв” дээ. Бас ч болоогүй эрэлт нь өндөр байсан тухай, Монгол Улсын нэр хүнд өссөн тухай Засгийн зүгээс гулгитал цацсан. Гулгисан нь арилаагүй байтал дэлхийн байтал эвгүйтэж эхэллээ. Трамп Иранд дайн өдөөснөөс хойш манай улсын Засгийн газрын бондууд өөд нар үзсэнгүй. Ердөө ганцхан жишээ татахад 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудын ханш гуравдугаар сар гарсаар нэг орчим хувиар буураад байна. Дэлхийн байдлаас хамаараад үүнээс доош орох уу гэдэг нь шалтгаална. Трампын мэдэгдсэнээр дөрөвдүгээр сарын дундуур дайн дуусна. Гэвч өнөөгийн байдлыг харвал мөддөө дуусахгүй янзтай байгааг шинжээчид дуу нэгтэй хэлж байна. Дээрээс нь Ормузын хоолойг эргэн хэвийн үйл ажиллагаатай болгоход АНУ холбоотнуудаас тусламж хүссэн боловч Герман, Франц, Британи, ер нь л НАТО-гийн гишүүн орнууд “Энэ бидний дайн биш” гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн.
Засгийн газар шинэ бонд гаргаад удаагүй байтал манай бондуудын ханш унаад эхэллээ. Дэлхийн байдал ямар байхаас шалтгаалж бүр доошлох уу гэдэг нь шийдэгдэнэ.
Гэтэл манайх дөнгөж саяхан шинэ бонд гаргачхаад байдаг. Гаргах гаргахдаа олон улсын зах зээлээс 5.95% хүүтэй, 500 сая ам.долларын бондыг амжилттай босгожээ. Уг бондын эргэн төлөгдөх хугацаа нь зургаан жил байх бөгөөд шинэ бондын захиалга эрэлттэй байж, 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Гаднын 94 хөрөнгө оруулагч манай бондыг захиалсан. Гэвч дэлхийн санхүүгийн байдал эрсдэлтэй болсон тул хөрөнгө оруулагчид бонд гэхээс илүү үнэт металл руу хошуурах болж. Аргагүй л дээ эрсдэл үүрч бондоор тоглож байхаар хатуу зүйл болгочихсон нь амар учраас. Чухам энэ нь л хөгжиж буй орнуудад том шанаа болж тусна. Өнгөрсөн оноос эхлэн хөрөнгө оруулагчид өндөр хөгжилтэй орнуудын бондуудаас илүүтэй хөгжиж буй улс орнуудын бондуудыг худалдан авах хандлагатай байсан билээ. Одоо энэ хандлага нэгэнт өөр тийш эргэчихлээ. Яг энэ цаг үед эрх баригчид манай дарга, танай дарга гэхээс илүүтэй дунд хугацааны эдийн засгийн хөтөлбөр, бодлогодоо анхаарал хандуулах ёстой юм. Гэвч манайх бүтэн жил дамнан сандал суудлын хэрүүл хийлээ, одоо ч дуусаагүй байна...

Сэтгэгдэл ( 0 )