Циркийн баруун талд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 16

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Циркийн баруун талд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлжээ.

Циркийн баруун урд тал орчмын 150 метр урт борооны ус зайлуулах шугамын ажилд нийслэлийн төсвөөс ₮338.6 саяыг зарцуулна. Тус дүүрэгт одоо Сөүлийн гудамж, 5 дугаар хороолол орчимд борооны ус зайлуулах шугамыг угсрах төлөвлөлттэй.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт Тэсо компанийн урд,  Баянзүрх дүүрэгт усан спорт цогцолбор, 85а байр орчмын борооны ус зайлуулах шугамыг угсарч дуусжээ. Харин авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах цэвэрлэгээг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн өргөн чөлөө болон Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжинд гүйцэтгэжээ. Ингэснээр шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулах ач холбогдолтой байна.

Ташрамд дурдахад энэ жил Улаанбаатар хотын 12 байршилд нийслэлийн төсвийн 26.5 тэрбум төгрөгөөр борооны ус зайлуулах шугам шинээр угсрахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top