Өнөөдөр 2022.02.11. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 08 цаг 05 минутад мандлаа, 18 цаг 07 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -17 хэм, шөнөдөө -27 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын шинжлэх ухааны салбарын эмэгтэйчүүдийн өдөр. Либерияд өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр бол АНУ-д Зохион бүтээгчдийн, Японд Үндэсний сангийн, Камерунд Залуусын өдөр юм.
Энэ өдөр Испанийн дуучин, жүжигчин Хоселито, Америкийн инженер, сансрын нисэгч Ричард Мастраккио, Грэммийн есөн удаагийн шагналт дуучин Шерил Кроу, жүжигчин Женнифер Энистон, дуучин, жүжигчин Келли Роуленд, Сара Батлер, Их Британийн жүжигчин Натали Дормер, Нидерландын хөлбөмбөгч Рафаэл Ван дер Варт, Япон, Хятадын дуучин, «Morning Musume» хамтлагийн гишүүн Жүн Жүн буюу Ли Чунь зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:
1938 оны энэ өдөр BBC телевиз анхны шинжлэх ухааны уран зөгнөлт теле нэвтрүүлгийг гаргаж эхэлжээ.
1943 оны энэ өдөр Сталин ЗСБНХУ-д атомын бөмбөг бүтээж эхлэх тухай Улсын батлан хамгаалах хорооны шийдвэрт гарын үсэг зурсан байна.
1970 оны энэ өдөр Японы анхны хиймэл дагуул “Осүми” тойрог замд оржээ.
1972 оны энэ өдөр Рас-эль-Хайма эмирт улс Арабын Нэгдсэн Эмирт улсын бүрэлдэхүүнд оров.
1980 оны энэ өдөр Владимир Меньшовын “Амьдрал нулимсанд дургүй” киноны нээлт болжээ. 1981 онд энэхүү кино «Оскар»-ын Гадаад хэл дээрх шилдэг кино болсон билээ.
Энэ өдөр үс засуулвал эрч хүч ихэснэ.
Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )