Р.Булгамаа: Монголд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидын бие, сэтгэлийн хохирлыг барагдуулах зохицуулалт алга

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Өнөөдөр /2021.10.11/ Олон улсын охидын өдөр тохиож буйтай холбогдуулан охидын эрх зөрчигдөж байгаа талаар хуульч Р.Булгамаа өглөө. 

Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 1400 орчим хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ. Тодруулбал, 
 

  • 2017 онд 138
  • 2018 онд 309
  • 2019 онд 350
  • 2020 онд 328
  • 2021 оны найман сарын байдлаар 228 охин бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон байна. 

Энэ талаар хуульч Р.Булгамаа "Сүүлийн жилүүдэд Монгол улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн дунд хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол маш олон болсон. Ялангуяа охидын эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг газар авч, өдрөөс өдөрт аймшигтай гэмт хэргүүд шил дараалан гарах боллоо. Ноцтой гэмт хэрэг гарахад тухайн үед бүх нийтээрээ шуугиж, халагладаг. Гэвч хэсэг хугацааны дараа мартчихдаг.

Охид хүчирхийлэлд өртөж, тэдний эрх ашигт халдсан үйлдлүүд гараад байгаа шалтгаан болоод үүнээс урьдчилан сэргийлэх тал дээр төрийн хийгээд мэргэжлийн байгууллагууд төдийлөн оновчтой бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Иргэний нийгмийн хэдхэн цөөн байгууллагууд л чадахаараа дуу хоолойгоо илэрхийлж,  ажиллаж байна.  Энэ асуудлыг төрийн байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байна.

Араатан амьтан хүртэл үр төлөө гишгэлдэггүй. Энэ нийгэмд араатнаас дор үйлдэл гаргаж, цэцэг цэврүү шиг охидыг амьдралд сүүдэр тусгаж байгаа хүн олон байна. Энэ төрлийн гэмт хэргийн тоо огтхон ч буурахгүй байна. Бага насны хүүхдийг хүчирхийлвэл 12-20 жилийн ял оноодог. Гэтэл гэмт хэрэг үйлдэгчид энэ ялыг тоохгүй байна" гэв.

Мөн тэрбээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын эрх маш ноцтойгоор зөрчигдөж байгааг хэллээ.

Ингэхдээ "Хууль хяналтын байгууллагаас хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг зөвхөн гэмт хэрэгтэнд хорих ял оногдуулах хэлбэрээр  шийдэж байгаа нь харамсалтай. Гэмт хэргийн хохирогч болж буй охид, хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг тооцдог, нөхөн олговор олгодог зохицуулалт Монгол улсад байхгүй байна. Тэр бүү хэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд өөрсдөө эрүүл мэндийн байгууллагаар үзүүлж, сэтгэлзүйн үйлчилгээ авах гэх мэтээр гэмт хэргийн хор уршгийг даван туулахыг хичээж байна.

Мөн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг гарахад нийгэм даяар шуугиж, хохирогчийн талаар уралдан мэдээлдэг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Хүсэл мөрөөдөл дээр нь сүүдэр буусан охидын ирээдүйг бодож, тэднийг хүндэтгэж, итгэл хайрлаж, тэдний амьдралд сүүдэр тусгасан гэмт хэрэгтэнд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж,тэдний нэр төр, алдар хүндийг сэргээхэд төрөөс анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Охидын эсрэг гэмт хэрэг сүүлийн жилүүдэд ураг төрлийн шинжтэй болж байна. Ялангуяа ахуйн шинжтэй гэмт хэрэг үйлдэгдэж байгаа учраас хохирогчид гэр бүл, найз, нөхдийн зүгээс маш их дарамт ирдэг. Тиймээс бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидыг гэмт хэрэг шийдвэрлэгдэж дуустал төрийн хамгаалалтад авах зохицуулалт бас үгүйлэгдэж байна." гэлээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.26.195.126) 2025 оны 03 сарын 13

Ганц охид биш ажлын байр албан тушаалын бэлгийн хүчирхийлэл байгааг илчлэх хэрэгтэй

1  |  0
(192.82.75.54) 2025 оны 03 сарын 13

ter ohid geed baigaa ni zarim ni bur avgai boltson yumnuud baidim baile

1  |  0
зочин(202.21.104.98) 2025 оны 03 сарын 13

ман-ын коммунистууд хүчинддэг шүү

2  |  1
Close menu